С.Ганбаатар гишүүн “Оюутолгой”-н удирдлагуудыг уулзалт ярилцлагад урьжээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.10.29
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Ганбаатар гишүүн “Оюутолгой”-н удирдлагуудыг уулзалт ярилцлагад урьжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой” компанийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нарыг уулзалт ярилцлагад урьжээ. Тус урилгыг бүрэн эхээр хүргэж байна.

Оюу толгойн зэсийн ордыг ашиглах  нь Манай улс, түүний одоогийн болон  мэндлээгүй байгаа ирээдүйн иргэдийн хууль ёсны эрх ашигтай олон талаар шууд холбогдсон дэлхийн цар хүрээтэй бүтээн байгуулалт билээ.

Миний бие иргэний хөдөлгөөнд оролцож, МҮЭ-ийн байгууллагад ажиллах явцдаа энэ ордыг ашиглах гэрээний ач тус, үр шимийг оролцогч талууд шударга хүртэх, монгол хүн баялагтаа эзэн байх эрхээ эдлэх боломжийг бүрэн ашиглахын төлөө өөрийн боломжоо дайчлан олон нийтийн санаа бодлыг илэрхийлж ирсэн билээ.

Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчдын итгэлийг хүлээж төрийн хууль тогтоох байгууллагад ажиллаж эхэлснээс хойш энэ төсөл, гэрээний ач тус, алдаа оноог төрийн түшээгийн нүдээр харахыг хичээж байна.

Энэхүү гэрээг байгуулах, хэрэгжүүлэхэд биечлэн оролцож байсан, одоо ТУЗ-ын гишүүнээр ажиллаж эхэлж байгаа та бүхэнтэй Монгол улсын эрх тэгш иргэн, мөнх тэнгэрээс заяат Эх орон нэгт хүмүүний хувьд жаргал, зовлон адил болохоо үндэслэн хамтын ярилцлага хийж, ойлголт, санал, бодлогоо нэгтгэн  Монгол улсынхаа төлөө зүтгэхээ би гүнээ ухамсарлаж байна.  

Та бүхэн дээрх төслийн эхлэх үндсийг тавьж, эгзэгтэй цаг мөчид удирдлагад нь оролцож,  эдүгээ цаашдын хувь заяаг шийдвэрлэхээр ажилласан, ажиллаж байгаа билээ.

Урилга

Би олон нийт, эрдэмтэн, мэргэд, ажил хэрэгч хүмүүсийн туслалцаатайгаар төслийн баримт бичгүүдэд судалгаа, дүн шинжилгээ хийж, өөрөөр хэлбэл бичиг цаастай ажиллаж ирсэн. Төслийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, бичиг баримттай ажиллах нь чиг нэг боловч хийх дүгнэлт, гаргах шийдвэр, илэрхийлэх арга зам нь зарим зүйл дээр нийлж, зарим зүйл дээр өөр байсан нь  маргашгүй үнэн.

Энэ байдал нь монголчууд бидэнд эрх ашигтаа нийцсэн ижил үр дүн авч ирэхгүй, магадгүй дотроо зөрөлдөөнтэй мэт бусдад ойлгогдож болох юм. Иймээс бид нүүр тулж уулзан, энэхүү төслийн цаашдын үр ашиг, монгол түмэндээ илүү өгөөжтэй байхын төлөө нэгэн үзүүрт сэтгэлийг барьж санал бодлоо чин сэтгэлээс ярилцаж, хуваалцах урилгыг Танд хүргүүлж байна.

Уулзалт ажил хэргийн хүрээнд, мэдээлэл солилцож, илэн далангүй, үр дүнтэй байж нээлттэй ярилцах болно.  Монголын эрх ашгийн төлөө байж Монголчуудын заяа дэлгэрч, тавилан саадгүй байх болтугай.

Уулзалт: 2013 оны 11-р сарын 08-ний өдрийн 13:00 цагт болно.
Төрийн Ордон-Зочны уулзалтын том VIP өрөөнд
Холбогдох утас: 99103409

Жич: Уулзалтанд хэвлэл мэдээллийнхэн оролцохгүй.
Хувийг  “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганболд, Г.Тэмүүлэн , Ч.Отгочулуу, “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн асан Н.Багабанди,   П.Цагаан, Д.Ганболд, “Оюу толгой” төслийн  хөрөнгө оруулалтын гэрээг  Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн байгуулсан С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарт.  

ШИНЭ МЭДЭЭ