Уул уурхайн түр хороо
2013.11.29
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Уул уурхайн түр хорооны бүрэлдэхүүнийг батлах асуудлыг хөндлөө

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Я.Содбаатар, Г.Уянга нар Уул уурхайн түр хорооны бүрэлдэхүүний асуудлаар өнөөдөр /2013.11.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол орны эрдэс баялгийн салбарт байгалийн баялгийг ард иргэддээ тэгш шударга хуваарилах хуваарилалт ямар ч бодлоггүй явж ирснийг засаж залруулах үүднээс Уул уурхайн түр хороо байгуулах санал, санаачлага гаргаж буйгаа гишүүд мэдэгдлээ.

Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар уул уурхай, эрдэс баялгийн салбартай холбоотой чухал хуулиуд болох “Эрдэс баялгийн салбарт Төрөөс баримтлах бодлого”, “Алтны ил тод байдлын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” болон “Газрын тосны тухай” гэх мэт хуулиуд хэлэлцэгдэх гэж байгааг дурдаж, Уул уурхайн түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүний гаргасан саналыг 2013 оны нэгдүгээр сарын 29-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн түр хороог байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн боловч бүрэлдэхүүнийг нь батлаагүй өнөөдрийг хүрсэн. Иймээс түр хороог 17 гишүүний бүрэлдэхүүнтэй батлуулах тухай хүсэлтээ Улсын Их Хурлын даргад хүргүүлэх гэж буйгаа гишүүд мэдэгдэв.

Мөн Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийг гишүүд тухай бүрд нь нухацтай авч үзэж бүрэн анхаарал хандуулж чадахгүй байгаа нь зохисгүй үйлдэл болохыг шүүмжилж, Эрдэс баялгийн салбартай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд, иргэд, олон нийт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нийтээрээ анхаарлаа хандуулж байж шийдэх ёстой гэдгийг анхааруулсан юм

ШИНЭ МЭДЭЭ