Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийв.
2014.01.28

Хүүхэд харах үйлчилгээний талаар хэлэлцүүлэг хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Оюунхорол, Ц.Оюунгэрэл, Д.Арвин, З.Баянсэлэнгэ, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд хэлсэн үгэндээ “Монгол Улсад төв суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, мөн түүнчлэн жил бүр шинээр төрж буй хүүхдийн тооны өсөлт харьцангуй хурдацтай байна. Одоо жил бүр 80 шахам мянган хүүхэд төрдөг болоод байгаа нь бахархалтай, сайхан үйл явц юм. Гэхдээ энэ үйл явц бас цаанаа олон асуудал, шаардлагыг дагуулж байна. Тэдгээрийн нэгэнд хүүхдийн цэцэрлэгийн хангамжийн асуудал орж байгаа юм.

Монгол Улсад одоогоор сургуулийн өмнөх насны хүүхдийг хүлээн авах цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгааг бид мэднэ. Хэдийгээр төр, засгаас шинээр барих цэцэрлэгийн тоог жилээс жилд нэмэгдүүлж байгаа боловч хүчин чадал хүрэлцэхгүй байна. Нэг бүлэгт байвал зохих хүүхдийн ачаалал бараг хоёр дахин их болжээ. Үүний зэрэгцээ Монголд 2-5 насны арван хүүхэд тутмын гурав нь гэртээ цоожлогдон үлдэж байна. Энэ нь бяцхан хүүхдийг санаатайгаар ихээхэн эрсдэлд үлдээж байна гэсэн үг. Эрсдэл гэдгийн цаана өлсөх, өвчлөх, унаж бэртэх, осол гэмтэл, гал, усны аюул гээд олон муу зүйл бий.

Иймд манай нийгмийн өмнө тулгамдсан энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор нааштайгаар шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсрууллаа. Энэхүү хуулиар дэлхий дахинд хэрэгжсэн бодит туршлагыг үндэслэн бяцхан үр хүүхдүүдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө хүүхэд харах үйлчилгээг зохих урамшуулалтай, хараа хяналттайгаар хуулийн хүрээнд хэрэгжүүлэх санал, санаачлагыг дэвшүүлж байгаа юм.

Хүүхэд харах төвд суурилсан үйлчилгээний нэг бүлэгт 12-15 хүүхэд хамруулж, өдөрт 12 цагаас илүүгүй ажиллуулах юм байна.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталснаар цэцэрлэггүй үлдэж байгаа олон мянган хүүхдийн асуудал нааштайгаар шийдэгдэнэ хэмээн төсөөлж байна. Өнөөдрийн уулзалтаар бид Та бүхэнд уг хуулийн төслийн талаар тодорхой танилцуулж, тодруулга асуултад хариулна. Мөн та бүхний санал зөвлөгөөг хүлээж авах юм” гэлээ.

Хүүхэд харах төвд суурилсан үйлчилгээний нэг бүлэгт 12-15 хүүхэд хамруулж, өдөрт  12 цагаас илүүгүй ажиллуулах юм байна.

Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр гарах сайн үр дүн гэвэл  улсын хэмжээнд 1,6-6 хүртэлх насны бүх хүүхэд хүүхэд харах төв, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг бүрэн авч, хүүхэд болгонд төрөөс үзүүлдэг үйлчилгээг адил тэгш хүртээх  боломжийг бүрдүүлэх юм. Шинээр хүүхэд харах 6300 төв бий болж 19 мянган иргэн ажлын байраар хангагдана. Хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 94500 эцэг, эх, асран хамгаалагчид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлдээ байнгын орлоготой болох боломж нээгдэнэ.

Зөвхөн цэцэрлэгт явдаг хүүхэд төрөөс санхүүгийн дэмжлэг авч, цэцэрлэггүй хоцорсон хүүхэд авч чаддаггүй тэгш бус тогтолцоог хална. Хараа хяналтгүй үлддэг хүүхдийн дунд гардаг осол гэмтэл буурна. Хүүхдэд хүрэх асаргаа, сувлигааны чанар сайжирна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж үнийн хөөрөгдөл буурна. Цэцэрлэгийн хэт ачаалал буурах юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж, чухал хуулийн төсөл болсныг онцолж, дэмжиж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ