Б.Алтантуяа: Ял эдэлсэн хүн буцаад нийгэмших боломжийг хууль олгох ёстой
Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа
2014.05.14
Хүний эрх

Б.Алтантуяа: Ял эдэлсэн хүн буцаад нийгэмших боломжийг хууль олгох ёстой

Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.

- Хуучнаар Эрүүгийн хууль, одоогоор Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хүний эрхийн ТББ-ууд саналаа хүргэсэн. Чухам ямар зүйлсийг гол болгож саналаа нэгтгэсэн бэ?

Хүний эрхийн ТББ-ууд НҮБ-ын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс Монгол улсад гаргасан 129 зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг. Байгууллага болгон хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцэх, эрүү шүүлт, хар тамхи, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг өөр өөрийн чиглэлээр ажилладаг. Тэд өөр өөрийн чиглэлээр Гэмт хэргийн тухай хуульд саналаа өгсөн. Тухайлбал Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас эрүүдэн шүүгчдэд хариуцлага тооцох хяналтын механизмыг сайжруулах, ялгаварлан гадуурхалтыг хориглох асуудлаар саналаа хүргүүлсэн. Ялангуяа гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтан эрх ямбаа ашиглаад шийтгэлгүй үлдэх магадлалтай байдаг учраас онцгой анхаарсан. Бидний хүргэсэн санал нь олон улсын хүний эрхийн байгууллагын шинжээчдийн зөвлөмж дээр үндэслэсэн учир суурьтай болж чадсан. Үр дүнд нь бидний оруулсан санал Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд тусгалаа олж чадсан.

Иргэний нийгмийн байгууллагууд хуулийн төслийн хэлэлцүүлгийг олон талаар нухацтай явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Түүнчлэн нэг зүйлийг бид хүлээж байна. Хууль санаачлагчид маань бидний хүргүүлсэн саналын чухам хэдэн хувийг нь авсан гэдгээ эргээд мэдэгддэг байх ёстой. Зарим заалтыг яагаад буцаасан гэдгээ тайлбарлаагүй.

- Монголд мөрдөн байцаах явцад эрүүдэн шүүх явдал гардаг. Ер нь хуулинд ямар нэг тохиолдолд эрүүдэн шүүх тухай заалт байдаг уу?

Ямар ч тохиолдолд эрүүдэн шүүхийг хатуу хориглодог. Дайн дажин, онц байдлаас үл хамааран эрүүдэн шүүх нь хүний эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг. Манай улсад эрүүдэн шүүх тохиолдол гарсаар байгаа. Гэтэл эрүүдэн шүүгчтэй хариуцлага тооцохгүй байна. Ингэснээр уг хэргийг улам өөгшүүлж нэг гэмт хэрэг үйлдсэн хүн ахин үйлдэх замыг нээж өгдөг.

- Өнөөдөр Монголд ямар тохиолдолд хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг вэ? 

Алагчлал, ялгаварлан гадуурхалт хавтгайрсан. Үүнийг хууль эрх зүйн хүрээнд яаж зохицуулах хэрэгтэй вэ, тусгай хууль байх хэрэгтэй юу гэдгийг сайн ярилцах хэрэгтэй. Түүнчлэн газар өмчлөл дээр хүний эрх зөрчигддөг. Газар өмчлөх эрх баталгаатай байна уу, өмчлөлийн эрх зүйн байдал ямар түвшинд байна, газар албадан чөлөөлөхөөс иргэдийг хэрхэн хамгаалах вэ гэдэг нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Гуравдугаарт дээр хэлсэнчлэн эрүүдэн шүүлтийн асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй.

- Манай хуучин эрүүгийн хуулийг шоронжсон хууль гэж үздэг. Харин энэ удаагийн хуулийн төсөл хүмүүнлэг болж чадсан уу?

Олон улсын практикт ялын олон төрлийг хэрэглэдэг. Техник, технологийн хөгжлийг ашиглаад хүнийг аль болох барьж цагдаад, олон нийтийг айдаст автуулаад байх хэрэггүй. Гэм хийсэн хүн хийсэн үйлдэлдээ гэмших, ухаарах бололцоо байх хэрэгтэй. Хууль гэдэг бол шийтгэхээс гадна тухайн хүнд ялаа эдэлсний дараа буцаад нийгэмдээ амьдрах боломжийг олгох ёстой. Тиймээс ялын бодлогын тухай судалгааг хуулийн төсөл боловсруулахаас өмнө хийсэн. Судалгаанд үндэслэсэн учраас хуулийн төсөл манай нөхцөлд тохирч чадсан гэж үзэж байна. Томоохон шинэчлэлийн шинжтэй байгаа учраас зарим нэг зүйлийг орхигдуулсан байхыг үгүйсгэхгүй.

- Манай улс цаазаар авах ялгүй учраас сүүлийн үед аймшигтай хэргүүд ихээр гарах боллоо гэж үзэх хүмүүс байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

Санал нийлэхгүй. Учир нь цаазын ялыг ихээр хэрэглэдэг Хятад улсад ч гэсэн аймшигтай, хүний санаанд оромгүй хэрэг олноор гардаг. Лалын шашинтай орнуудад ч нөхцөл байдал адилхан. Цаазын ял онц хүнд гэмт хэргийн гаралтыг багасгана гэж итгэх нь хэтэрхий гэнэн хэрэг. Хүнийг цаазлахад амархан. Нэг хүний амийг хороосноор тэр гэмт хэрэг арилахгүй. Харин яагаад ийм хэргүүд гарах болсны шалтгааныг хайх хэрэгтэй. Энэ бол нийгэмд амьдарч буй хүмүүсийн эргэн тойронд шударга ёс байна уу, үнэт зүйлс байна уу, хүмүүс үнэт зүйлийн төлөө амьдарч байна уу, тэд хэр боловсролтой байна вэ зэргээс хамаарна. Нийгэмд шударга ёс алга болж, баян хоосны ялгаа гүнзгийрснээс үзэн ядалт бий болж элдэв гэмт хэргийн гарах нөхцөл бүрддэг. Өөрөөр хэлбэл шалтгааныг үндсээр нь үгүй хийх хэрэгтэй гэсэн үг.

Нэг хүнийг цаазалснаар тэр гэмт хэрэг арилахгүй.

Олон оронд хийсэн судалгаагаар цаазын ял, онц ноцтой гэмт хэргийн гаралт хоёр ямар ч холбоогүй нь тогтоогдсон.

- Иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд ямар ажлууд хийж байна вэ?

Хүний эрхийн ТББ-ууд Хүний эрхийн үндэсний хөтөлбөртэй больё, хүний эрхийн боловсролыг албан болон албан бус боловсролын тогтолцоогоор дамжуулж олгож байя гэж уриалж байгаа. Ингэхгүй бол хүний эрхийн ямар ч мэдлэггүй хүн гэнэт дарга болсноо хүний эрх зөрчсөн шийдвэрүүд гаргадаг. Тухайлбал цагдаагийн албан хаагч хэрхэн эрүү шүүлтгүй үүргээ биелүүлэх тухай мэддэг байх ёстой. Төрийн албан хаагч яаж иргэдийг алагчлалгүй үйлчлэхийг мэддэг байх хэрэгтэй. Ийм тогтолцоо байхгүй учраас Монголд хүний эрх зөрчигдсөөр байна.

ШИНЭ МЭДЭЭ