Монголын Эмнести интернэшнл ТББ
2014.05.15
Хүний эрх

Б.Алтантуяа: Хэн нэгнийг цаазаллаа ч гэмт хэрэг зогсохгүй

Манай улс цаазын ялгүй улс орон болох тухай санаачилга гарсан нь нийгэмд эмгэнэлт хэрэг үйлдсэн хүн араатнууд энэ далбаан дор өршөөгдөж байна уу гэдэг нь нэгэн асуудал дагуулж байна. нэг ёсондоо наранд байх, нарсанд байх ялгаагүй гэсэн этгээдүүд  цаазын ялыг үл тоож байна хэмээн хардаж байгаа юм.

1965-2005 оны хооронд улсын хэмжээнд 805 хүнд цаазын ял ноогдуулсан байдаг юм байна. Тэгвэл 2010 оны нэгдүгээр сарын 14-нд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр цаазын ялыг хэрэгжүүлэхийг түдгэлзүүлэх уриалга гаргаснаас хойш нэг ч хүнд цаазын ялыг оногдуулаагүй байгаа юм.

Цаазаар авах  ялыг олон улсад харгис, хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон, амьд явах эрхийг хязгаарлах гэж үздэг байна. Гэвч хэрэгтний амьд явах эрхийн асуудлыг ярьж байгаа бол хохирогч, түүний ар гэрийнхний асуудлыг орхигдуулж болохгүйг сануулж байна. Ер нь хүнээ алдсан хохирогчдын тал насан туршдаа сэтгэл санааны асар их дарамтан дор амьдардаг гэдгийг судлаачид хэлдэг юм.

Хүний санаанд ч багтахааргүй аймшигт хэргүүдийн тухай үе үе сонсогдох болсоор зарим тохиолдолд нийгэм хий үзэгдэл шиг хүлээн авдаг болчихоод байна. Ганц нэгхэн өдөр нийгэм иймэрхүү асуудалд анхаарал хандуулж байгаад долоо хоногийн дараа мартагдаж байгаа нь нууц биш. Тэгвэл хохирогчдын тал насан туршдаа сэтгэл санааны ихээхэн хохирол амсч байгааг мартаж болохгүй. Харин “Эмнест Интернешнл” олон улсын байгууллага ямар ч тохиолдолд цаазаар авах ялыг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

“Эмнест Интернешнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Б.Алтантуяа:  “Хэн нэгнийг цаазалчихвал гэмт хэрэг зогсчихно гэдэг. Үгүй ээ, энэ бол зүгээр л хүнийг хороож байгаа хэрэг. Гэмт хэргийг цаазлахгүй. Тийм шударга бус гэмт хэрэг хаа нэг газар гарч байгаа л бол нийгэм өнөөдөр боловсролдоо анхаарахгүй аваас гарсаар л байх болно.”

Өнөөдөр дэлхийн улс орнуудын 2/3-оос илүү хувь  буюу 139 орон цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халаад байгаа юм. 2009 оны байдлаар 18 улс орон цаазаар авах ялыг хэрэглэж байгаа гэх судалгаа гарчээ. Үүнээс хойш энэ тоо буурсан гэх мэдээлэл ч байгаа. Ер нь орлого багатай, нийгмийн эмзэг гэж хэлэгддэг давхаргад нийгмийг цочирдуулсан гэмт хэрэг хамгийн их гардаг гэсэн судалгаа хүртэл гарчээ.

ШИНЭ МЭДЭЭ