Ц.Даваасүрэн: Дэд сайдын орон тоог цомхотгох хэрэгтэй
УИХ дахь бие даагч гишүүн Ц.Даваасүрэн
2014.12.15
Улстөр

Ц.Даваасүрэн: Дэд сайдын орон тоог цомхотгох хэрэгтэй

УИХ дахь бие даагч гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт хэлэлцэх хуулиудын төсөл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

С.Ганбаатар гишүүн хэлэхдээ, “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө багаа мэдэж бүрдүүлэх, ажлын төлөвлөгөөгөө гаргах эрхтэй. Гэтэл багаа бүрдүүлэх үйл явцад 73 гишүүн оролцож, сайдын суудлыг хуваагаад авчихлаа. Энэ нь эргээд хариуцлага хүлээлгэх тогтолцоог устгаж байна. Иймд томилгоотой холбоотой асуудалд улс төрийн намууд болон УИХ-ын гишүүд ёс зүйтэй хандах хэрэгтэй байна” гэв.

Тэрбээр цааш нь, “Оюутолгойн Монголын талд ноогдох 34 хувийг гадныханд зарах нь тодорхой болсон. Иймд бие даагч гишүүд ҮАБЗ-д асуулга хүргүүлсэн. Мөн “Рио Тинто” группын Ерөнхий захиралд захидал илгээсэн. Түүнчлэн “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхэд хувь нийлүүлэгчдийн гэрээний биелэлтийн талаар мэдээлэл хүссэн албан тоот хүргүүлсэн.

Уг албан тоотдоо энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Оюутолгой 280 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байхад яагаад төслийг үргэлжлүүлэн ажиллуулаад байгаа, алдагдалтай ажиллаж байгаа юм бол хянан шалгах комисс яагаад байгуулахгүй байгаа, төслийн менежментийн багаар ямар групп эсвэл компани ажиллаж байгаа, тус менежментийн багийн гаргасан тайлан мэдээ гэж байгаа эсэх зэрэг асуудлыг тусгаж өгсөн.
Үүний хариу болгож Г.Батсүх дарга албан тоот ирүүлсэн боловч тоо баримт тусгаагүй тодорхой бус хариу ирүүлсэн. Иймд нүүр тулж өнөөдөр уулзая гэсэн боловч уулзах үгүй нь тодорхойгүй байна” гэж ярьлаа.

Дараагийн мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өглөө. Тэрбээр дэд сайдын орон тоог цомхотгох хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд бие даагч гишүүд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж тавих буйгаа дуулгав.

Тэдний үзэж байгаагаар, одоогийн хэрэгжиж буй УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг албыг давхар хашдаг байх хуулийн зүйл заалтыг өөрчилж, зөвхөн Ерөнхий сайд “давхар дээлтэй”, бусад нь “дан дээлтэй” байхаар зүйлчилж оруулах гэнэ. Түүнчлэн Ойн тухай хуулийг батлахдаа иргэндээ ойр хууль батлах хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа Ц.Даваасүрэн гишүүн хэллээ.

Иргэн хүн хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр гишүүгээ түүгээд гал залгуулчихдаг, залуу гэр бүл байшингийн модыг ойн захаасаа бэлтгэчихдэг байх нь хөдөөгийн амьдралд хүндрэл үүсэхгүй, улмаар хот руу нүүдэллэх шалтгаан болохгүй байх давуу талтай гэж тэрбээр үзэж байна. Үүний зэрэгцээ татан буугдсан ССАЖЯ-ны барилгыг хүүхдийн эмнэлэг болгох бус харин Төрийн ордоны зүүн талд барьж байгаа төрийн албан хаагчийн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгох ёстой байсан хэмээн тэрбээр ярив.

ШИНЭ МЭДЭЭ