УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн
2014.12.19
Улстөр

С.Ганбаатар: Засгийн газар дээрмийн бүлэг болжээ

Эрх баригчид ийн төрийн ажлыг гацаасанд бие даагчид бухимдаж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буйн хувьд хардах эрхээ эдэлж байгаагаа хэвлэлийнхэнд хэллээ. Бие даагчдын зөвлөлийн гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын байр суурийг хүргэе.

С.Ганбаатар "УИХ-аар энэ оны төсвийг тодотгох байсан ч гацаасан. Төсвийн орлого тасарсан. Гол шалтгаан нь уул уурхайгаасаа мөнгөө авч чадахгүй байгаа. Үүнээс болж орлого тасарсан тул тодотгож ямар зардлаасаа танах вэ гэдгээ ярих гэж байгаа. Ийм чухал асуудал дээр МАН, АН хоёр үл ойлголцож, хуралдааныг хаяснаараа төрийн ажлыг гацааж байна. Үүний шалтгаан нь Төрийн нарийн бичгийн дарга гэж мөнгө мэддэг албан тушаалуудаа тэд булаалдсан.

МАН, АН нийлж өтгөн манан татуулснаар Монгол хөгжинө гэж гайхуулаад байсан чинь хөнжил дотроо тохирохгүй юмаа ард иргэдтэй хутгаж байна. Дээрмийн бүлгүүд шиг л ажиллаж байна. Мөнгө, сайд, дарга нараа яаж хувааж авах вэ гэж л хамтарсан хүмүүс байна.Төрийн ажлыг гацааж буйг бие даагчдын зүгээс хатуу эсэргүүцнэ. Төсөв нэг их наяд төгрөгөөр тасарна гэдэг байж боломгүй зүйл.

Хамгийн гол нь 3000 орчим лиценз авсан уул уурхайн компаниуд Монголд яаж мөнгө төлөхгүй  байх вэ гэдэг дээр мэргэшсэн. Тэдний төлөөллүүд нь парламентад сууж, төсөвт мөнгө өгөхгүй байх ажил хийж байгаа учраас төсөв тасарч байгаа. Мөн өрийн таазыг нэмэх гэж байгаа. Тодотголыг баталсны дараа бүх тоо баримтыг би ил гаргана.

Ц.Даваасүрэн "Бидний авсан мэдээллээр бол хоёр нам Төрийн нарийн бичгийн даргын суудлаа булаацалдаад байгаа юм байна. Цаг үе тэдний албан тушаалын хувиарлалтыг хүлээхгүй нөхцөл байдал үүсчихсэн. Нэгдүгээр сарын 1 гэхэд ирэх оны ажил эхлэх ёстой. Ямар ч хугацаа үлдээгүй байхад сандал суудал дээрээ тохиролцож чадахгүй төрийн ажлыг цалгардуулж байна.

Ер нь намууд “бялуу” хүртэх гэж л Засгийн газарт орсон гэдэг нь харагдаж байна. МАН Ч.Сайханбилэгтэй хамтрахгүй гэснээ хамтарлаа, Засгийн газарт орохгүй гэснээ орлоо, давхар дээлийг дэмжихгүй гэснээ нэмлээ, яамдын тоог нэмэхгүй гэсэн нэмлээ. Дэд сайдын тоог хоёроор нэмсэн. Одоо өрийн босгыг 320 тэрбум төгрөгөөр нэмж байна. Ийм байж болохгүй, Ард түмнээрээ ингэж тоглож болохгүй.

Тэд сонгууль болоход манай гишүүд ирээд саналаа өгчихдөг юм гэж бардам загнаж байна. Тиймээс намын гишүүд гэх нөхөд энэ бүхнийг ухаалаг харж, хандах ёстой. Намын гишүүдэд л итгэж орой дээр нь суусан хүмүүс ийм муухай үйлдэл хийж байна. Гол найдвар нь намын гиигүүд. Тэдэнд л найдаж, олон түмнээр тоглоод байна.

 

ШИНЭ МЭДЭЭ