Х.Болорчулуун: Өрөөсөн гуталгүй хоцорсноо мартдаггүй юм
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.12.30
Улстөр

Х.Болорчулуун: Өрөөсөн гуталгүй хоцорсноо мартдаггүй юм

Он солигдох мөч ойртсоор. УИХ-ын зарим гишүүний шинэ жилийн мардагдашгүй хөгжилтэй сайхан дурсамжийг нь хуваалцлаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  “ Гуравдугаар ангид байхдаа шинэ жилээр долдугаар сарын дүрд хувирч байлаа. Бөхийн зодог шуудаг, бакал өмсөөд, шүлэг уншиж, мэндчилгээ дэвшүүлсэн. Тэр жил манай сумын хан анх удаа сүлд модныхоо оройг эргэдэг гэрэлтэй бөмбөлгөөр чимэглэсэн юм. Олон хүнтэй байсан учир халууцаад үүд хавьд зогсож байтал пис пас гээд явчихав. Гэтэл нөгөө эргэлддэг бөмбөлгөөс гал гарч, мод нь шатаж эхэлсэн юм байж. Хүмүүс сандрахдаа үүд рүү дайрч, би тэнд байснаараа олны хөлд үрэгдэх шахаж билээ. Хэд хэдэн хүн хөнгөн бэртэл авсан санагдана. Аав, ээж хоёроор 60 төгрөгийн үнэтэй “жонон хар” гэж малгай авахуулж, тэр орой шалсаар байгаад өмсөөд явснаа ч тэр үймээний үеэр гээчихсэн. Бас өрөөсөн гуталгүй хоцорсноо ер мартдаггүй юм.

-Энэ жил шинэ жилийн ёслол, цэнгүүнд хэр оролцож байна вэ. Мөн мэндчилгээ, бэлэг сэлт олон ирж байна уу?

-Эдийн засгийн хямралтай холбоотойгоор нүсэр зардал гаргахаас татгалзах хэрэгтэй байх. Баярлаж, хөөрөөд байх сонирхол ч алга. Ард иргэдийн маань амьдрал ямар байгаа билээ дээ. Бэлэг, мэндчилгээ ч өмнөх жилүүдийг бодвол харьцангуй багассан нь ажиглагдаж байна. Нутагтаа очиж шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцсоныг эс тооцвол ер нь элдэв ёслол, цэнгүүнд оролцоогүй ээ. Өмнө нь 3-4 арга хэмжээнд оролцчихдог байсан.

ШИНЭ МЭДЭЭ