Оюутолгойн асуудлыг засгийн газрын хуралдаанаар шийдсэн гэх ч...
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.04.17
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Оюутолгойн асуудлыг засгийн газрын хуралдаанаар шийдсэн гэх ч...

Засгийн газар энэ сарын 15-ны өдөр хаалттай хуралдсан. Гэхдээ хуралдаанаар "Оюу толгой" төслийн санхүүжилтийн асуудлыг удтал хэлэлцсэн нь баталгаатай мэдээлэл болоод байна.

Учир нь өчигдөр болсон "Сайдын цаг" уулзалтын үеэр Зам тээврийн сайд Н.Төмөрхүү "Оюу толгойн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдсэн" гэж баталсан юм. Харин хэрхэн шийдсэн талаарх мэдээллийг Засгийн газрын зүгээс албан ёсоор өгөөгүй. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээрх хуралдаанаар Засгийн газар Оюу толгой хоёрын хооронд үүсээд байгаа татварын маргааныг "Рио Тинто"-д ашигтай байдлаар шийдэж, тохиролцоонд хүрсэн гэж үзэж байна.

Тэрээр энэ талаарх мэдэгдлээ Засгийн газрын хуралдааны дараахан нь буюу энэ сарын 15-16-нд шилжих шөнийн 03.00 цагийн үед Ховд аймгаас дамжуулсан. Улмаар Засгийн газрыг "Рио Тинто”-той нууц гэрээ хэлэлцээр хийж байгаа гэж үзээд орон нутгийн иргэдтэй хийж буй уулзалтаа цуцлан өчигдөр Улаанбаатар руу хөдөлжээ. Мөн тэрээр "Ч.Сайханбилэгийн Засгийн газар утасны мессежээр авсан саналынхаа дагуу Оюу Толгой төслийн санхүүжилтийн гэрээг хийх зөвтгөл бий болгосон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ерөнхий сайд чухам ямар зүйлийг "Рио. Тинто" компанитай тохирохоор улайрч байгаа талаар надад тодорхой мэдээлэл байгаа" гэсэн юм.

Харин Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүн, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд Рио Тинто Монгол Улсын Засгийн газартай эвлэрч болно гэж байгаа ч албан бусаар цацагдаад байгаа "эвлэрлийн , гэрээ"-г талууд хийгээгүй гэж баталсан байна.

Мөн тэрээр gogo.mn сайтад "Татварын маргаан байгаа бол тухайн компани татварын газартайгаа л учраа олдог болохоос Засгийн газар үүнд оролцдоггүй. Эвлэрлийн гэрээг өөр газар, өөр хүмүүс ярьдаг. Засгийн газар ийм асуудлыг нээлттэй ч бай, хаалттай ч бай хэлэлццэггүй. Засгийн газар өчигдөр (уржигдар) хуралдахдаа энэ асуудпыг хөндөөгүй" гэсэн тодруулга өгөөд байгаа юм. Харин "Оюу толгой" компани албан ёсны байр сууриа илэрхийлсэнгүй.

С.Ганбаатар гишүүн мэдэгдэд гаргав

Дээрх үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ- ын дарга З.Энхболд, УИХ-ын нийт гишүүд, УИХ-д суудалтай бүх намууд, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэв. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

1.Оюу толгой компанийн төлөх байсан 130 сая ам.долларын    татварыг Татварын  Ерөнхий  газрын дэргэдэх        Маргаан         таслах зөвлөл 30 сая ам.доллар хүртэл бууруулсан байгааг би та бүхэнд танилцуулж байсан.Гэтэл төслийн санхүүжилтээр далимдуулан, төслийн санхүүжилттэй огт хамаагүй татварын асуудлыг "Эвлэрлийн гэрээ" гэгчээр цайруулж төлөх хэмжээг нь 30 сая ам.доллар болгохоор тохирч байгаа нь анхнаасаа манай Татварын алба буруутай байсан мэт сэтгэгдлийг олон улсад төрүүлэх, алдаагаа хүлээн зөвшөөрсөн гэсэн далд утга агуулсан байна. Манай татварын албаны ийм цайлган гэмшилд бидэнд ямар үнэтэй тусах болоо. Олон улсын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн орчин биднийг юу гэж үзэх вэ?

2.Өнөөдөр Засгийн газраар төслийн санхүүжилтийг хэлэлцүүлж байгаа нь тогтсон горим, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд би маш их эргэлзэж байна.

3.Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 30/65/59 дүгээр хамтарсан  тушаалаар байгуулсан Оюу толгой компанийн зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтээр Оюу Толгой компани нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед ТЭЗҮ-д заасан таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардлыг хоёр тэрбум ам.доллараар хэтрүүлэн зарцуулж, улмаар 1.4 тэрбум ам.долларыг ямар ч баримтгүй илүү зарцуулсныг хоёр жилийн турш судлан баримтаар нотолсон. Гэтэл энэхүү зардлын хэтрэлтийг "эдийн засгийн хүндрэлийг давах" гэсэн малгайн дор "Рио Тинто" компанийн талд шийдэх гэж байгаа нь хамгаас хариуцлагагүй үйлдэл гэдгийг хатуу анхааруулж байна.

4.Төслийн санхүүжилтийн гэрээг үзэглэж зурахаасаа өмнө хөрөнгө оруулалтын гэрээ болон         хувь нийлүүлэгчдийн гэрээнд зөрчигдөж байгаа үйлдлүүд, анхлан тохирсон зарчмуудаа дахин эргэж харах зайлшгүй шаардлагатай.      Төслийн санхүүжилт зурагдсанаар хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдэд төслийн зээл төлөгдөж дуустал буюу 15 жил бид ямар ч өөрчлөлт хийж чадахгүй. Бид хууль эрх зүйн маргаан ч гаргах боломжгүй болохоор байна.

5.Төслийн санхүүжилтээр авч байгаа эх үүсвэр нь бидэнд   ашигтай нөхцөл бий болгож чадах уу, эсвэл бидний одоогийн  байгаа нөхцөл улам дордох уу. Надад байгаа мэдээллээр төслийн санхүүжилтийн эх үүсвэр Рио Тинто компани дээр төвлөрөхөөр байна. Энэ ямар учиртай вэ. Тэдний хүчтэй атгалт, хяналтад бид орох юм биш биз.

6.Өнөөгийн эдийн засгийнхүндрэлийг даван туулах гол хэрэгсэл нь ОюуТолгойн төслийн  санхүүжилтийг зөвшөөрөх явдал гэж харж байгаа нь туйлын буруу юм аа. Бид эдийн засгийн хүндрэлийг асар их байгаа 60 жилээр золиосолж байж давах нь үнэхээр зөв шийдэл биш ээ.

7.Хэрэв дээр дурдсан асуудлыг анхааралдаа авалгүй Рио Тинто компаниас ирүүлсэн баримт бичигт Монголын Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурсан тохиолдолд албан тушаалдаа хайнга хандсан хүмүүсээс хатуу хариуцлага нэхэх болно гэдгээ мэдэгдье.

ШИНЭ МЭДЭЭ