Ерөнхий Сайдыг огцруулахад 14 гишүүн гарын үсэг зурсан
УИХ дахь Бие даагчдын зөвлөл
2015.10.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ерөнхий Сайдыг огцруулахад 14 гишүүн гарын үсэг зурсан

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр нэр бүхий зургаан гишүүнээс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээний талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуны талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Энэ оны тавдугаар сарын УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын зургаан гишүүн Ерөнхий сайдад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын талаарх Дубайн гэрээний талаар асуулга тавьсан. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд бидний асуулгад хариу өглөө. Үнэхээр харамсалтай хариу байсан.

2009 оны анхны гэрээгээр Монгол Улс 2023 оноос цэвэр ашиг хүртэх байсан. Гэвч Дубайн гэрээгээр далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.долларын санхүүжилт авснаас болж цэвэр ашиг хүртэх хугацаа 2037 он хүртэл хойшилсон гэдгийг Ерөнхий сайдын Ажлын хэсэг хэлсэн. 

Оюутолгойн асуудал ийм хүнд нөхцөлд хүрээд байхад  “Шударга ёс” эвслийн бүлэг яагаад энэ талаар дугарахгүй, эсэргүүцэхгүй байна вэ. Хаврын чуулган хаах үед МАН-ын бүлгээс “Дубайн гэрээний талаар дүгнэлт гаргаж байгаа. Удахгүй мэдээлнэ” гэж байсан ч өнөөг хүртэл чимээгүй байна. Ерөнхий сайд Оюутолгойг битгий улс төржүүл гэсэн. Дэлхийд  хоёрдугаарт орох, Монгол Улсыг олон жил тэжээх томоохон ордоос ашиг хүртэж чадахгүйд хүрч байхад бид үгээ хэлэх ёстой” гэв.

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Улс орон 21 тэрбум долларын өрөнд орчихсон, цалин тэтгэвэрээ нэмэх нь битгий хэл хасах тухай ярьж байна. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулж байхад өргүй байсан. Харин 2039 онд гэрээ дүгнэгдэхэд бид ногдол ашиг аваад хоёрхон жил болно. Нэг үгээр хэлэхэд Монгол Улс ногдол ашиг, татвар юу ч авахгүй гэсэн үг. Таван хувийн роялти авч байгаа боловч гурван хувьтай тэнцэх хэмжээний мөнгий менежментийн зардал гэж өгдөг. Энэ бүхнийг ярьсны төлөө хувь хүн рүү минь дайрч байна.

Ерөнхий сайдын тэр хүндтэй индэр дээрээс тийм зүйл ярина гэдэг эмгэнэл. Төсөв дээр харамсалтай зүйлүүд их байна. Цалин хасч, агентлагуудыг татан буулгаад хоёр тэрбум долларыг л хэмнэж байгаа. Гэтэл энэ мөнгөө Америкийн хуулийн фермд өгч байгаа юм. Тодруулбал, Амеркийн хуулийн 17.5 тэрбум төгрөгөөр зөвөлгөө авах гэж байсан. Үүнийхээ таван тэрбумыг нь шилжүүлчихсэн байгаа. Тодотголоор хоёр тэрбумыг нь шилжүүлнэ. Үлдсэн 10 тэрбумыг нь ирэх оны төсөвт суулгасан. Энэ мэт олон асуудалтай зүйл төсөв дээр байна” гэсэн юм.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дубайн гэрээний хариуг Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы мэдээллээр өглөө. Бид 2023 оноос Оюутолгойн ногдол ашгийг хүртэх байсан бол 2037 оноос авч эхэлнэ гэж Ерөнхий сайд хэллээ. 2037 он гэхэд үүнийг хийсэн хүмүүс энд байхгүй. Харин бидний үр хүүхдэд үлдэх ёстой. Дараа дараагийн Оюутолгой шиг том ордууд зөв явах ёстой.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Бие даагч гишүүд агентлагуудыг нэгтгэх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Худалдан авах үйл ажиллагааны газар байх хэрэгтэй. Яам бүр дээр худалдан авах үйл ажиллагаагаа явагдаж, Эрүүл мэндийн яам барилгын яам болчихсон, маргаантай асуудал тал бүрт гарч байсан. Харин энэ үйл ажиллагааг нэгтгэсэн нь зөв юм. Харин бусад үйл ажиллагааг бид судалгаа тооцоотой хандана. Байгаль орчин, утаатай тэмцэх асуудалд төсөв нь танагдсан байсан. Үүнээс авах зүйл ч бий, хаях зүйл ч бий.

-Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт юунд зарцуулагдах вэ?

-4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт далд уурхайг хэрэгтэй гэж Оюутолгойн гэрээнд ярьж байсан. Гэтэл 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Дубайн гэрээгээр баталгаажуулж ирсэн. Энэ 6 тэрбум ам.доллар Монголд орж ирэхгүй. “Рио тинто”  өөрийн өр төлбөртөө зарцуулах эрхтэй. Монголын газар нутаг, лицензийг  барьцаанд тавьчихлаа.  Дубайн гэрээг монгол, англиараар  хэвлэж, гарын үсэг зурсан. Гэтэл парламент дээр Ч.Сайханбилэг “Гэрээг орчуулаад Монгол дээр гаргана” гэсэн. Гэрээний монгол хувилбарыг Дубайд гээсэн юм уу гэж бид асуудаг. Ийм байдлаар Дубайн гэрээнд маш их ноцтой зүйл байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: УИХ-аар 2009 онд Оюутолгойн бүтээн байгуулалтыг хэлэлцэж байхад “Далд уурхайн бүтээн байгуулалтыг 1.5 тэрбум ам.долларт багтаана гэж байсан. Гэтэл одоо 6.2 тэрбум орчим ам.доллар болсон. Энэ  мөнгийг дэлхийн акул болсон санхүүгийн байгууллагаас авна. Сангийн яамаар үүний баталгааг гаргуулсан. 6.2 тэрбум ам.долларын 2 тэрбумыг нь хөрөнгө оруулагчийн авсан зээл, хуримтлагдсан оронд зарцуулна.

Өөрөөр хэлбэл  анхны хийгдсэн 2 тэрбум ам.доллараа буцаагаад авчихаж байна гэсэн үг. Гэтэл бид 34 хувьд ногдохыгоо төлөөд л явж байна. Цаана л үлдсэн 4 тэрбум ам.долларыг олон улсын  санхүүгийн байгууллагаас авсан хүү дээр шимтгэлийн 1.9 хувийг нэмээд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулна гэж гэрээнд заажээ. Гэхдээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад хэдэн төгрөг зарцуулахыг тодорхой хэлэхгүй байгаа. ТЭЗҮ өөрчлөгдөнө гээд байна. Энэ нь дахиад  их хэмжээний тэрбум ам.долларын зардал гаргах магадлалтай.

-Та бүхэн Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан. Энэ саналд одоогоор хэдэн гишүүн гарын үсэг зураад байна вэ?

-Бид Дубайн гэрээг Монгол Улсад ашиггүй болсон гэж үзэн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан таван гишүүний гурав нь. Одоо 14 гишүүн энэ саналд гарын үсэг зурсан. Хэзээ нэгэн цагт Оюутолгойн асуудал Арибтрийн шүүхэд очиход Дубайн гэрээг Монголын төр хүлээн зөвшөөрөөгүй гэсэн баримттай үлдэх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ