2024.08.23
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
С.Ганбаатар: Таван том төсөл буйгаас зөвхөн “Оюутолгой дээр түшиглэнэ” гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна!
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Санал оруулаад долоо хоног хөөцөлдлөө. Байнгын хороодын дарга нар болон холбогдох хүмүүст учирлав. Саналд, Оюутолгойг түшиглэсэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлнэ гэж байгаа. Үүний оронд Монгол орны зэсийн ордуудад түшиглэн зэсийн баяжмал хайлуулах зэс болон бусад дагалдах элементийг цэвэршүүлэх гэж оруулаад өгнө үү хэмээн 7 хоног гуйлаа. Аж үйлдвэржилтийн байнгын хороон дээр саналууд ирсэн. Энэ хүрээнд дамжуулсан. Эрдэс баялгийн яам Оюутолгойд барьцаалагдсан яам биш л юм бол засаг төрийн бодлого дээр төрийн бодлогын бичиг баримт дээрээ үндэсний компаниудаа яагаад ялгаварлаж байгаа юм. Таван төсөл явж байгаа шүү дээ. Бусад 4 төслийг дэмжихгүй зөвхөн "Оюутолгойг түшиглэнэ" гэсэн байна. Энэ ялгавартай хандаж байгаа үйлдэл нь Үндсэн хууль зөрчиж байна. Би Оюутолгой, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал дээр эсрэг байгаа юм биш. Хамгийн гол нь Монгол Улсад ашигтай юу, үндэсний компаниудыг яагаад ялгаварлан гадуурхаж байна вэ гэдгийг асууж байна.
Түүний асуултад, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хариуллаа.