https 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

#НүүдэлШийдэл: Хяналтгүй төр авлигын сүлжээ үүсгэж, төлбөрийг нь ИРГЭД хийхээр боллоо
2016.09.19
Эдийн засаг, Худалдаа

#НүүдэлШийдэл: Хяналтгүй төр авлигын сүлжээ үүсгэж, төлбөрийг нь ИРГЭД хийхээр боллоо

-Их сорилтын өмнө-

Монгол HD телевизийн “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгийн шинэ улирлын, шинэхэн дугаар “Их сорилтын өмнө” сэдвээр өрнүүллээ. Хэлэлцүүлгийн өмнө gogo.mn сайтаар дараах санал асуулгыг явуулсан. Өнгөрөгч баасан гарагт эхлүүлсэн санал асуулгад дараах байдлаар уншигчид хариулсан байна.

Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу? гэсэн санал асуулгад нийт 1556 хүн санал өгсөн байна.

"Нүүдэл шийдэл" хэлэлцүүлэгт оролцсон зочдын хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг та бүхэнд хүргэж байна. 

Эдийн засагч Д.Жаргалсайхан:

Асуудлыг шийдэхийн тулд бодит байдлыг дангаар нь авч үзэх хэрэгтэй

  • Өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг урт хугацаагаар авч үзэх нь зүйтэй.
  • Хүндрэлийн суурь хаанаас үүдэлтэйг үзмээр байна.
  • Засаглалын хямралын үр дүн нь эдийн засгийн хүндрэл гэж би үзэж байна
  • Хяналтгүй төрийн үндсэн дээр авлигын сүлжээ үүсч, төлбөрийг нь ард түмэн нуруундаа үүрэх болж байна.
  • Засаглал ил тод бус, сайхан ярьдаг, хийдэггүй байсан болохоор хүндрэл бидэнд ирж байна.
  • Өнөөгийн эдийн засгийн хүндрэл 2008 оноос өмнө эхэлсэн.
  • Чингис бондын мөнгийг хэн хэзээ төлж байгааг, ямар хараат бус байгууллага нь хянаж байгаа вэ?
  • Төр засаг, түүний тухай хараат бус тайланг өгөхгүй байна, түрүүнийх нь өгөөгүй, энэ нь ч өгөхгүй
  • Улс төрд орсон хүн баяждаг, намууд мөнгөө хаанаас авсан нь мэдэгддэггүй. Байдал ийм л байна
  • Олон улсын валютын санд орохоос өөр арга одоо бидэнд байхгүй
  • Шүүрэн шанага шиг цоорхой байгаа хувингаа бөглөөгүй байж, дээрээс нь ямар ч татвар аваад бүтэхгүй гэж үг бий.
  • Тэр цоорхой нь авлига шүү дээ.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав:

Н.Алтанхуягийн Засгийн газар мөнгөний бодлогоор шийдэх гэж оролдсон ч, нэг талыг барьсан учраас өрөөсгөл байсан

  • Ажил үйлчилгээнийхээ 60 хувиас бид татвар авдаггүй байсан болохыг олж мэдсэн, гэвч албан ёсны дүгнэлт гарсан юм одоо ч алга
  • Ил тодын хуулийн гол ач холбогдол нь НӨАТ-ын системийг оруулж ирж, бааз сууриа нэмснээр хямралаас гаръя гэсэн бодлого явсан
  • Шинэ засгийн газар 17-р зууны үеийн процессыг яг одоо хийж байна
  • 1640 онд Англичууд дарс, торгоны татварыг дөрөв дахин нэмж, орлогоо тэр хэмжээгээр нэмнэ гэж тооцсон, гэвч орлого дөрөв дахин буурч байсан түүхтэй
  • Сангийн яам өнгөрсөн хавар юу ярьж байв, одоо юу ярьж байна гэдгээ бодох хэрэгтэй
  • Сүүлийн 25 жил далд байсан эдийн засгийг бид гаргаад авчихлаа
  • Хурдан морь 100 сая төгрөг хүрч байна, гэтэл тэр татвар яагаад орохгүй байгаа юм?
  • 500 саяар цол авдаг бөх байна, тэр татвар яагаад орж ирэхгүй байна?

Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн:

Эдийн засгийн хүнд хэцүү үед татвар нэмэх нь зөв үү? гэдэг асуулт гарч ирнэ

  • ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байна.
  • Тиймээс эдийн засгаа авч явъя гэвэл хувийн хэвшлийнхнийг сонсох хэрэгтэй.
  • Төсвийн тодотголд хүндрэлээс гарах шийдвэр хангалттай харагдахгүй байна.
  • Татвараа нэмэхээс илүүтэйгээр, одоо байгаа татварын хуулиа чанд мөрдөх нь зүйтэй гэсэн санал байна.
  • Бизнесийн салбар бүрийг харахад тэнд цоорхой байгаа.
  • Монголд алтны татвар нэмээд ямар үр дагавар авч ирж байсныг санах хэрэгтэй.
  • Эдийн засгаа босгоё, сэргээе гэвэл нэн тэргүүнд ажлын байрыг бий болгох юм.
  • Өнөөдөр Монголд ажилгүйдлийн түвшин 17 хувьд хүрээд байна, 20 хувь хүрэхэд нийгмийн тогтворгүй байдалд хүрнэ гэж үздэг.

Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай:

Монголын эдийн засгийн гол хүндрэл нь гадаад тэнцэл, төсвийн тэнцэл гэсэн хоёр хүчин зүйлтэй холбоотой

  • Засгийн газар төсвийн гадуурх зардлыг танахыг оролдсон, гэхдээ ороогүй зардал бас бий
  • Жишээлбэл орон сууцны санхүүжилтийг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаа
  • Хөгжлийн банкны арилжааны зээл бас төсвийн гадна байгаа гэдгийг санах хэрэгтэй
  • Засгийн газар орлогыг өөдрөгөөр төсөөлдгөөс болж тодотгол хийхэд хүрдэг, зарлага ихээр нэмэгддэг

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

Монгол банктай хамтраад Эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөрийг боловсруулж байна

  • 2017 оны төсөв дээр томоохон өөрчлөлтүүд орно
  • Бид орлогоо нэмэгдүүлнэ гэдэг татвараа л нэмэгдүүлнэ гэсэн үг байж таарна
  • Гэхдээ бид цөөн тооны татварыг л нэмэгдүүлнэ гэдгээ хэлсэн
  • Харин жижиг дунд бизнес эрхлэгчдийг бол харин ч дэмжих бодлого баримтална

Сангийн яамны төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат:


  • Бид нийт татвар төлөгчдөд дарамт үүрүүлэхээс зайлсхийж байгаа
  • 2,5 сая төгрөгөөс дээш цалин авдаг хүний тоо ердөө л 1,4-1,6 хувийг эзэлж байна
  • Онцгой татвар бол нийт масст нөлөөлөх учиргүй, яагаад гэвэл архи, тамхи тансаг хэрэглээ
  • Жилд 200 гаруй тэрбум төгрөг төсөвт орж ирнэ гэж тооцсон
  • 2,5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсээс 25 хувийн татвар авахаар жилд 40 тэрбум төгрөгт төсөвт төвлөрнө
  • Онцгой албан татвараас 42 тэрбум төгрөг төвлөрнө
  • Хадгаламжийн хүү 20 тэрбум төгрөг
  • Архинаас 48 тэрбум төгрөг
  • Тамхины татвараас 20 тэрбум төгрөг
  • Алт 38,7 тэрбум төгрөг
  • Орон сууцнаас 5 тэрбум төгрөг
  • Төсвийн нэгдмэл байдлыг бид тогтвортой барьж явах ёстой

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

ШИНЭ МЭДЭЭ