МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ААН-ийн орлогын албан татварыг байнгын хороо дэмжлээ
2016.10.04
Эдийн засаг, Худалдаа

ААН-ийн орлогын албан татварыг байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2016.10.04/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав.

Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Иймээс бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах, илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг дэд сайд танилцуулгадаа дурдав. 

Монгол Улсын нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид юм. Иймээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж, "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай" хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулах буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан байна.

Жижиг дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалтыг хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд өргөнөөр хамрагдах хэдий ч улмаар төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байгаа гэж Засгийн газар үзэж байгаа аж. Иймээс албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх болно. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмж татах нөхцөл бүрдэнэ” гэж Засгийн газар үзэж байна.

Дараа нь гишүүд хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулж, ажлын хэсгээс асуулт асууж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан, О.Батнасан. З.Нарантуяа, Ж.Батзандан нар жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулахдаа 4-хөн салбарыг онцолсныг өрөөсгөл бөгөөд бусад салбарыг ч хамруулахаар судлах хэрэгтэй гэж байсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа, гэхдээ ирэх оны төсөвтэй уялдуулж ярилцах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ