МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинээр цэцэрлэг, сургууль нэмж барих боломжтой эсэхийг гишүүд асуув
2016.10.26
Улстөр

Шинээр цэцэрлэг, сургууль нэмж барих боломжтой эсэхийг гишүүд асуув

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 16.23 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн юм.

Уг хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон ажлын хэсгийнхэн оролцож, гишүүдийн асуултад хариуллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баттөмөр, Н.Учрал, С.Чинзориг, М.Билэгт, Д.Тогтохсүрэн, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн олонхи нь улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг нэмж байгуулах, дутуу баригдсан эмнэлэг, сургууль, соёлын төвийг ашиглалтад оруулах боломж, нөхцөл хэр байгаа талаар сонирхож байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Саранчимэг улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа 38 сургууль байгааг дурдаад, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын санхүүжилтыг 2017 оны төсвөөс татах болсон шалтгааныг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл 360 сум, 152 хороонд цэцэрлэг барих асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаныг хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа талаар асуув.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь Засгийн газрын 73, 74, 317 дугаар тогтоолоор Концессын тухай хуулийн дагуу барих сургууль, цэцэрлэгийн жагсаалт батлагдсан. Яамны зүгээс улсын хэмжээнд хэчнээн сургууль, цэцэрлэг хаана, аль хороонд барих, хэчнээн хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших шаардлагатай байгаа талаар нарийн судлагаа хийсэн.

Ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэхийн тулд нийслэл хотод  30, хөдөө орон нутагт хоёр сургуулийг нэн түрүүнд барих асуудлыг ярьж шийдэж байгаа. Үүнээс гадна улсын хэмжээнд цэцэрлэггүй 20 хороо байгаагаас эхний ээлжинд 40 гаруй цэцэрлэгийг барихаар жагсаалтад оруулаад байна. 2017 он гэхэд жагсаалтад багтсан сургууль цэцэрлэгийн 20-30 хувийг ашиглалтад оруулах, 2018-2019 он гэхэд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдэхээр төлөвлөн ажиллаж байна гэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг ирэх онд эрүүл мэндийн салбарт ард иргэдэд хүртээмжтэй өгөөжтэй, шинэчлэл өөрчлөлтийн ажил хэр байгааг, УИХ-ын гишүүн Г.Мөнцэцэг орон нутагт, тэр дундаа Говь-Сүмбэр аймгийн эмнэлэгт түргэн тусламжийн машин байхгүй, эмнэлгийн барилга нь хуучирч муудан, нурах шахсан байгааг дурдаад энэ талаар арга хэмжээ авч байгаа эсэхийг сонирхов.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хариулахдаа салбарын хэмжээнд судлагаа хийхэд улсын хэмжээнд 151 сум түргэн тусламжийн машингүй байгаа. Иймд дотоод нөөц бололцоогоо ашиглаад эхний ээлжинд 6-7 машин авахаар болсон. Түүнчлэн Засгийн газарт асуудлаа тавьж 151 фургон машин нэмж авахаар 4.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдүүлж байгаа.

Мөн диалезийн аппаратын зардлыг төр дааж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх, III амаржих газрын орны тоог нэмэх, Яармагийн 300 ортой эмнэлгийг ашиглалтад оруулах, зэрэг эмнэлгийн ачааллыг бууруулж, эмчилгээ үйлчилгээний хүртээмжийг нэмэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо. Үүний дараа гишүүдийн зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

ШИНЭ МЭДЭЭ