Б.Дэлгэрсайхан: Улсын хөгжил орон нутгаас эхэлдэг
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
2016.11.09
Орон нутгийн хөгжил

Б.Дэлгэрсайхан: Улсын хөгжил орон нутгаас эхэлдэг

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн 14 сумдаар сар шахам тойрч, тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзсан байна.

Түүний очсон эхний сум бол Улаанбадрах. Тус сумын иргэд орон нутгийн уул уурхайн компани байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд анхаарах, худаг ус гаргахад хүндрэлтэй байгааг хэлж байлаа.

Тэгвэл Хөвсгөл сумын иргэдийн тухайд ХАА тэр дундаа мал аж ахуйн салбарт төрөөс баримталж буй бодлогын талаар гишүүнээс асууж байсан юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Хөвсгөл сумаас Сайхандулаан сум руу хүлгийн жолоо залсан. Сайхандулаан сумынхан тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөний талаар илүүтэй сонирхож байлаа.

Сайхандулаан суманд ажилласны дараа Хатанбулаг суманд очсон. Тус сумын иргэдэд тулгарч буй гол бэрхшээл бол малын түүхий эдийн үнэгүйдэл, тог цахилгааны хүртээмжгүй байдал юм. Тиймээс гишүүнээс эдгээр асуудлыг яаж шийдэхийг асуусан.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Хатанбулаг сумын иргэдэд тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулахаа хэлж, Сайншанд-Зүүнбаян-Ханги боомтын чиглэлд төмөр зам барихаар болсныг дуулгалаа.

Сумын иргэдтэй уулзалт хийх үеэр

УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайханы ажилласан 5 дахь сум бол Даланжаргалан. Тус суманд ажиллах үеэрээ УИХ, Засгийн газрын одоо хэрэгжүүлж буй бодлого, өнөөгийн улс орны нөхцөл байдлыг танилцуулж, сумын иргэдтэй харилцан санал солилцсон юм.

Тойргийнхоо иргэд сонгогчдын байр суурийг анхааралтай сонсож, сонирхсон асуултуудад хариулж, харилцан санал солилцож явлаа

Даланжаргалан сумаас гарч Айраг сум руу очиход сумын иргэд уулзалтын туршид хүүхдийн мөнгөний талаар гишүүнээс асуулаа. Б.Дэлгэрсайхан сумын иргэдэд хүүхдийн мөнгийг эхний ээлжинд нийт хүүхдийн 60 хувьд олгож, үлдсэн 40 хувьд хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр банкинд байршуулж, 2 жилийн дараа нөхөн олгох болсныг хэллээ.

Цааш Их хэт, Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн, Сайншанд, Замын-Үүд, Эрдэнэ сумдад ажилласан. Их хэт, Алтанширээ сумын иргэд ахмадуудад чиглэсэн төрийн бодлогын талаар гишүүнээс асууж байсан бол Дэлгэрэх сумынхан уул уурхайн компаниудын хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй байгааг дуулгасан.

УИХ-ын Б.Дэлгэрсайхан уулзалтын үеэр уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт хийж буй, татвар төлдөггүй компаниудад хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлэхээ мэдэгдсэн юм.

Дорноговь аймаг Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанаа тэмдэглэсэн баярын хурлын үеэр

Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг гэдгээрээ Дорноговь аймаг нь стратегийн онц ач холбогдолтой байршилд оршдог. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Сайншанд, Замын үүд сумдад ч мөн ажилласан. Замын-Үүд суманд ажиллах үеэр 2017 оноос чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээ илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улс орны эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогод анхаарал хандуулахаас гадна тойрогтоо ажиллахыг чухалчилдаг нэгэн.

Дорноговь аймгийн уугуул тэрээр орон нутагтаа сайтар танигдсан, нутгийн зөвлөлийн тэргүүн албыг давхар хашдаг. Тиймээс аймаг, орон нутагтаа зохион байгуулж буй чухал арга хэмжээнүүдэд оролцож, тойргийн иргэдийнхээ тулгамдсан асуудалд анхаардаг.

Энэ хүрээнд Сайншанд болон Замын-Үүд сумдад тус бүр 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулж, аймгийн удирдлагад хүлээлгэн өгчээ. Мөн нутгийн зөвлөлийн тэргүүний хувьд аймгийнхаа эрүүл мэнд, боловсрол, нийгэм, аж ахуйн хүрээний асуудлуудыг шийдвэрлэсээр иржээ.

“Улсын хөгжил орон нутгаас эхэлнэ” гэсэн зарчимтай Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн болсны хувьд төр, засгийн зүгээс баримталж буй хөгжлийн бодлогыг аймаг, орон нутаг руугаа чиглүүлэхийг зорьж байна. Тухайлбал, иргэдийн чадварт тохирсон орон сууцны бодлогыг орон нутаг руугаа татаж, “Мандах наран” нэртэй 1000 айлын орон сууцны төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

"Мандах наран" хорооллын шав тавих ёслолын үеэр

Энэ 11 сард эхний ээлжийн 260 айлын орон сууц ашиглалтад орно. Уг орон сууцыг ахмадууд, өндөр настан, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулан барьж байгаа юм. Дорноговь аймгийн дэд бүтэц харьцангуй сайн, барилгын материалын нөөц, боломж их тул “Мандах наран” хороолол харьцангуй хямд өртгөөр барьж байна.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод Ложистикийн төв байгуулах барилгын ажил явагдаж байгааг дуулгах хэрэгтэй. Уг төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан оролцох үеэрээ “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэр нэмэгдэн, хилийн боомтын хүчин чадал өсөж, үр ашигтай, өрсөлдөх чадвартай, найдвартай холимог тээврийн систем хөгжих боломжтой” гэдгийг онцолсон.

Ложистикийн төв байгуулахтай холбоотойгоор төмөр зам, гүүр, цахилгааны дэд өртөө, дулаан хангамжийн сүлжээ, цэвэр бохир усны шугам зэрэг дэд бүтэц бий болно.

Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Мандах сумдыг хамарсан газрын тосны хайгуулын талбайг ашиглахаар болсон. Үүнтэй холбогдуулан бүтээн хуваах гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах ёслрол УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байлцсан юм. Уг гэрээний дагуу ирэх 8 жилд 35,5 сая ам.долларын геологи, хайгуул, үнэлгээний ажлууд хийх юм байна.

Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн болсныхоо дараа Япон улсын Шизуока мужийн төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзан, Дорноговь аймаг, муж хоорондын хамтын ажиллагааг цаашид улам зузаатгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

“Рио 2016” паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүүгийн хамт

Сонирхуулахад, “Рио 2016” паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүүд УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан болон нутгийн зөвлөлийнхөн 3 өрөө байр бэлэглэжээ. 

ШИНЭ МЭДЭЭ