МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.01.13
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Зөрчил байсныг гэмт хэрэгт тооцох, гэмт хэрэг байсныг зөрчилд тооцсон тохиолдол хэд байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.01.12/ Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төслийн тодорхой заалтуудыг үндэслэн асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"Эрүүгийн хуульд хэр өөрчлөлт орсон бэ? Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар бол тухайн хуулийн 50-иас дээш хувьд өөрчлөлт оруулах шинэчилсэн найруулгын төсөл болдог. Өргөн барьсан хуулийн төслийг харахад 25 хуудас нэмэлт, өөрчлөлт байна. Томоохон өөрчлөлт гэсэн үг. Үг, үсэг найруулгын алдаа гээд хэдэн зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орсон бэ?

Танилцуулгаас харахад, хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөх хэмжээний томоохон нэмэлт, өөрчлөлт хийгдээгүй. Найруулгын алдаа засах, боловсронгуй болгох шинжтэй өөрчлөлтүүд хийсэн гэжээ. Тиймээс Засгийн газрын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлтэй хамт Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яригдаж байна. Зөрчлийн тухай хуулиас хасч, Эрүүгийн хуульд шинээр нэмсэн гэмт хэрэг бий юу?

2015 онд батлагдсан Эрүүгийн шинэчилсэн хуульд бүх зүйл заалтыг зөрчсөн тохиолдол тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байсан. Харин эдгээр эрүүгийн хариуцлагын тоог цөөлсөн гэж хуулийн үзэл баримтлалдаа дурдсан байна.

Эрүүгийн хуулийн нэг зорилго гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Ингэхдээ тодорхой гэмт хэрэг үйлдсэн, хүний амь нас хөнөөсөн тус бүрт тохирсон ялыг ногдуулдаг нь гэдэг нь тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, “айлгах” тактик оршиж байдаг. Хуулийн төсөлд ялын бодлогыг яаж тусгасан бэ?"

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

"2015 онд батлагдсан хууль нь 2002 оны хуулийг шинэчилсэн найруулсан. Сүүлд буюу 2015 онд батлагдсан шинэчилсэн хуулийг утга санаа, нэр томьёог өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг гарцаагүй ногдуулах, эдийн засаг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн ялыг чангатгах, 440 заалтаар хорих ял эдлүүлэхээр заасан байсныг зайлшгүй тохиолдолд хорих ял ногдуулах, бусад тохиолдолд нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх зэрэг утга санаа, нэр томьёоны хувьд засч, сайжруулах, цаг үеэ дагаад хуулийг улам боловсронгуй болгох шаардлага тулгарсан.

2015 онд батлагдсан Эрүүгийн тухай шинэчилсэн хууль нь 980 заалттай, үүнээс 400 орчим заалтад өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, 40 орчим хувьд нь өөрчлөлт орж байгаа учраас нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулж оруулж ирсэн.

Зөрчил гэж тооцож байсныг эрүүгийн гэмт хэрэгт шилжүүлсэн, эрүүгийн гэмт хэрэг байсныг зөрчилд тооцсон хэд хэдэн зүйл заалт бий. Эрүүгийн хууль нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг давхар агуулдаг ч уг хуульд гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, нөхцөл, нийтэд аюултай байдлыг харгалзан үзэж байж тухайн хүнд тохирсон ял шийтгэл ногдуулах зүйн хэрэг. Харин хүн бүрийг хорих бодлого барих нь буруу гэж үзсэн.

Тиймээс 7 хоногоос эхэлдэг байсан хорих ялыг 6 сар болгоё. Үүнээс бага хугацаанд хорих ял эдлэхээр гэмт хэрэг үйлдсэн бол түүнд тохирох нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, торгох зэргийг хуулийн төсөлдөө тусгаад байна."

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:

"2015 онд батлагдсан хуулиас зөрчлөөс эрүүгийн гэмт хэрэгт тооцсон таван төрлийн тохиолдол байна. Үүнд,

Шинэ бүтээл, ашигтай загварын патент эзэмшигчийн эрхийг зөрчих, барааны тэмдэг эзэмшиж, газарзүйн заалт, хэрэглэгчийн эрхийг зөрчих, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуулийн төсөлд тусгасан. Мөн хууль бусаар нийгмийн даатгалын нөхөн төлбөр авах, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийхийг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй гэж үзэж байна.

Эрүүгийн шинэчилсэн хуулиас зөрчилд тооцохоор заасан үйлдэл бол хүний эрүүл мэндэд санаатайгаар халдах буюу бусдын бие махбодид гэмтэл учруулахгүйгээр халдсан үйлдлийг зөрчилд тооцье гэсэн санал дэвшүүлж байна." 

ШИНЭ МЭДЭЭ