МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.02.09
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Л.Мөнхбаатар: Дотоодын цэргийн командлагчид төсвийн эрх мэдэл олгох нь зүйтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар дотоодын цэргийн командлагчийн эрх, үүргийг тодруулсан тайлбар хийсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцүүлгийн шатанд явж байна л даа. Засгийн газраас өргөн мэдүүлснээр бол штабын дарга нь дотоодын цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах, харин аж ахуй, техникийн материал хангалтыг Цагдаагийн төв байгууллага хариуцдаг байхаар заасан байдаг. Үүнийг ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаар дотоодын цэргийн штабын дарга нь хангамж, төсвөө хариуцдаг байхаар өөрчлөх санал гаргасан нь дэмжигдсэн. Одоо уг саналаар санал хураалгана.

Дотоодын цэргийн тухайд төсвийн ерөнхийлөн захирагч нь Цагдаагийн Ерөнхий газрын дарга бөгөөд дотоодын цэргийн командлагч байна Төсвийн тухай хуульд заасан байдаг. Үүнээс үзэхэд дотоодын цэргийн командлагчийн эрх, үүрэг тодорхойгүй байгаа учраас УИХ-ын даргаас чиглэл өгч, эргэн харах нь зүйтэй.

Дотоодын цэргийн албан тушаалтныг Хууль зүй, дотоод хэргийн сайд томилохыг зарчмын хувьд дэмжсэн. Гэтэл Төсвийн тухай, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар бол дотоодын цэргийн төсөв нь дотоодын цэргээсээ салангид байгаа юм. Тиймээс энэ асуудлыг нэг мөр болгож, Цагдаагийн Ерөнхий газрын дарга бөгөөд дотоодын цэргийн командлагчид төсвийн эрх мэдэл олгох нь зүйтэй гэж үзсэн. 

ШИНЭ МЭДЭЭ