МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг гишүүний санаачилсан хууль хөдөөгийнхөнд таалагдаж байна
2017.02.24
Орон нутгийн хөгжил

С.Чинзориг гишүүний санаачилсан хууль хөдөөгийнхөнд таалагдаж байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг энэ сарын 14-22-нд тойрогтоо ажиллаад ирлээ. Түүний сонгогдсон УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт Өвөрхангай аймгийн 19 сумын 12 нь буюу Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан харьяалагддаг. Хүн амын хувьд ч Өвөрхангайн нийт хүн амын бараг тал нь түүний тойргийнх.

С.Чинзоригийн хувьд УИХ-ын гишүүний тангараг өргөснөөс хойш тойрогтоо хоёр дахиа ажиллаж, улс орны эдийн засгийн байдал, УИХ-аар баталсан хууль тогтоомжуудын талаар танилцуулж, иргэдийнхээ санаа бодлыг сонссон юм.  

Тэрбээр сонгогчиддоо хэлэх үгтэй хийсэн ажилтай нэгэн. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд арав гаруй хуулийн төслийг гишүүдтэй хамтран болон бие даан санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьснаас тав нь намрын чуулганаар батлагдаад байгаа билээ. Түүний санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль нь сонгуулийн үеийн амлалтуудынх нь нэг бөгөөд  үе үеийн Улсын Их хурал малчдын нийгмийн хамгааллын асуудлыг орхигдуулж ирснийг засч залруулна хэмээснээ ийн ажил хэрэг болгож эхлээд байгаад сонгогчид нь тун ч ам сайтай байна билээ.

Малчид, ээжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг баталгаажуулахад  чиглэсэн уг хоёр хуулиар малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулж, эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэврээ тогтоолгох эрх үүсч буй бөгөөд ээжүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлэх боломж бүрдсэн юм.    

Эхчүүд хүүхдээ гурван нас хүртэл нь асрах эрхтэй боловч нийгмийн даатгалын шимтгэл нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй хугацаанд нь л төлөгдөж, хоёр жил гаруй хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь тасардаг байв. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд цөөхөн жил ажиллаад тэтгэвэрт гардаг, түүнээс болж тэтгэврийн хэмжээ нь маш бага тогтоогддог  байсан. Энэ мэт олон жил яригдсан ч шийдэж чадалгүй өдийг хүрсэн асуудлыг нэг мөр зохицуулж, цэгцэнд нь оруулах талаар арга хэмжээ авч буйд С.Чинзориг гишүүнд очсон газар бүрт нь талархаж байлаа.  

Түүний санаачилсан хууль батлагдсанаар хүүхдээ асарч буй 92 мянга орчим ээжийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нь 1.5 жил нэмж тооцохоор болсон.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг батлан гаргаж, нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгосон юм.

С.Чинзориг гишүүний санаачлан батлуулсан өөр нэг хууль нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн бөгөөд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай уг хуулиар жижиг дунд үйлдвэр эрхлэгчид гадаадаас үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж оруулж ирэх тохиолдолд гаалийн татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн юм. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж импортыг орлох үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх сайн талтай. Ялангуяа хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага байгааг С.Чинзориг гишүүн УИХ, Байнгын хорооны хуралдаанууд дээр байнга илэрхийлж ирснийг сонгогчид нь уулзалтын үеэр ярьж байв.

Хөдөөгийнхөн улс орны амьдралтай холбоотой үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй хүлээж авч чаддаг болсны давуу тал олон зүйл дээр анзаарагдаж байлаа. Тэд гишүүнээ ард иргэдийн амьдралд нэн хэрэгтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч хууль тогтоох үүргээ хариуцлагатай гүйцэтгэхийн зэрэгцээ УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудал бүрт өөрийн байр суурийг оновчтой, тодорхой хамгийн гол нь ард иргэдийн эрх ашгийн өмнөөс харж илэрхийлж чадсан хэмээн магтаж байсан юм. Мөн иргэд УИХ-ын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй ханддаг аж. Мөн “Парламент 76 гишүүнтэй атлаа хууль баталж байгаа хүнийх нь тоог харахад даанч чамлалттай юм. Та нар  нэг нэгэндээ шаардлага тавьдаггүй юм уу. Хорь, гучин хүний толгойгоор бодох 76 хүний ухааныг уралдуулахад ялгаа байдаг биз дээ” хэмээн хатуухан шүүмжилсэн. Оффшор данс, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан дээр ч иргэдэд асууж тодруулах зүйл олон байв. Нэг үгээр тэд төсөв санхүүгийн асуудалд улстөрчид хутгалдсаны хариуцлагыг тооцох ёстой гэдэг байр суурийг хатуухан илэрхийлж байлаа.

Хөдөөгийнхөн зөвхөн сум, орон нутгийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг ярихаа больжээ. Тэд улс орны хөгжил, улс төрийн амьдралын наад цаадахыг дэнсэлж, мал аж ахуйн салбарын хөгжилд санаа зовниж, хуулийг хуудуугүй, амьдралд нийцэж ард түмэнд наалдахаар “урлах” ёстойг захиж байлаа.  

Малчдын хувьд мал эмнэлгийн үйлчилгээг хувьд шилжүүлснийг нэлээд их шүүмжилж байна билээ. Монгол мал эрүүл байж монгол хүн эрүүл байна гэсэн С.Чинзориг гишүүний байр суурь тэдэнд тун ч их таалагдсан. Тиймээс тун удахгүй ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетикийн нөөцийн тухай хуулийн төслүүдэд мал эмнэлэг, үржил селекцийн ажлын талаар тодорхой тусгаж, мал төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалт төр засгийн бодлоготойгоо уялдахгүй байгааг засч залруулах үүргийг сонгосон гишүүндээ өгч байлаа. Үүний тулд наад зах нь мал эмнэлгийн үйлчилгээг төр хариуцдаг байх, малын эмч, санитар бэлтгэдэг дээр үеийн тогтолцоог сэргээх, бэлчээрийн талаар төрөөс баримтлах тодорхой бодлого үгүйлэгдэж буйгаас гадна “Монгол мал” хөтөлбөр гэж баталснаа хэрэгжүүлэх хэрэгтэйг анхааруулсан.

Түүнээс гадна Боловсролын зээлийн сангаас хэрэгжүүлж буй оюутны хөгжлийн зээлд хамрагдахад болзол нь жаахан чанга байна гэцгээх хүн ч нэг биш таарсан. Аав ээж нь тогтмол орлого олдог байх, ямар нэг зээлгүй байх гэсэн шаардлага анх ярьж хэлж байсан оюунтын сургалтын төлбөрийн санхүүгийн дарамтаас иргэдийг ангижруулах гэснээсээ арай л өөр болчихов уу даа хэмээнэ билээ. Сумдын ялангуяа хөдөөгийн алслагдсан сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байшинд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг С.Чинзориг гишүүний очсон газар бүрт дуулгасан. Говийн сумдын сургууль олон улсын төсөл хөтөлбөрөөс байнга хоцорч буйг ч гишүүндээ “ховлоод” амжсан.

С.Чинзориг гишүүний сонгогчдын хэлж ярьснаас цөөн заримыг хүргэж байна.

Бямбацоодол: Жирийн иргэдэд хэрэгтэй хууль батлуулж чадсанд нь талархаж байна

/Гучин-Ус сумын малчин/

-С.Чинзориг гишүүн тойргийнхоо 12 сумын хэмжээнд биш улсын хэмжээнд тэр дундаа жирийн иргэдэд хэрэгтэй хууль батлуулж чадсанд нь талархаж байгаа. Ялангуяа мал, малчны тухай ярих нь ховордсон энэ цагт С.Чинзориг шиг хүн  парламентад хэчнээн хэрэг­тэй байсныг хүмүүс ойлгож байгаа байх. Ямартай ч сонгуулийн үеэр ярьж хэлж байснаа ажил хэрэг болгоод эхэлчихлээ. Цаашид малын эрүүл мэндийн тал дээр анхаарч чадвал монгол хүн эрүүл байна гэдгийг бодолцож ажиллаарай гэж гишүүндээ онцгойлон захилаа.

Г.Бат-Отгон: Тэмээний ноос үс үнэгүй шахам болсон

/Богд сумын тэмээчин/

-Манай сум аймгийн хэмжээнд хамгийн олон тэмээ тоолуулсан. Тэмээний ашиг шим маш их. Сүү сааль, үс ноосноос гадна тэмээг уналга ачлагад хэрэглэхэд анхаарах шаардлага байгаа. Сүүлийн үед морь, тэмээ гэхээсээ хятад мотоцикль л уналгад хэрэглэж байна шүү дээ. Тэмээний ноос үс үнэгүй шахам болсон. Ноосны урамшуулал өгдөг байхаас өмнө кг нь 5000-6000 хүрч байсан бол одоо 3000-аас хэтрэхээ больсон.

Жамбал: Ажлаа ч, асуудлаа ч мэддэг хүнийг сонгосондоо сэтгэл хангалуун байгаа

/Баруунбаян-Улаан сумын өндөр настан/

-Таньдаг болохоор ч тэр үү, С.Чинзориг гишүүнийхээ телевизээр ярихыг байнга хардаг юм. Ажлаа ч, асуудлаа ч мэддэг хүний занга­раг­тай ийм хүнийг сонгосондоо манай нутгийнхан сэтгэл ханга­луун бай­даг шүү. Сонгогдсон гишүүд жилдээ ганц нэг л бараагаа харуулдаг бай­сан бол манай Чинзориг сонгогдсоноосоо хойш хоёр дахиа ирж бай­гаа юм. Ирэхээр нь бид мэдээлэл сонсохоос гадна төрд хүргэх үгээ ч дамжуулдаг даа. Энэ удаа оюутны сургалтын зээлийг эцэг, эх нь банк­ны зээлтэй хүнд өгөхгүй байгааг л анхаараарай гэсэн хүсэлт дайлаа.

Ц.Дондогсамбуу: Малчдыг гэж онцгойлон харж үзэж байгаад талархаж байна

/Нарийнтээл сумын малчин/

-Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж, төлөөгүй шимтгэлийг нь нөхөн төлүүлэх тухай хууль бидний хувьд ам руу минь шар тос чихэж буйгаас ялгаа юун. Одоо бид энэ шар тосыг аятайхан зооглочих л хэрэгтэй байна. Хэзээ ер нь ингэж малчдыг гэж онцгойлон харж үзэж байлаа. Үүнийх нь төлөө С.Чинзориг гишүүнд талархахаас өөр яах билээ.  Энэ бүхэн С.Чинзориг гишүүний тойргийнхоо 12 сумаар тойроход дуулж сонссоны минь тун багахан хэсэг юм. Хууль боловсруулахад иргэдийн оролцоог хангахад С.Чинзориг гишүүн ихээхэн анхаардаг бөгөөд сум бүрт өөрийн төлөөлөгчийг сонгож тэднээр дамжуулан УИХ-аар хэлэлцэхээр орж ирж буй хуулийн төслүүдэд иргэдийн сана­лыг авах ажлыг зохион байгуулахаар бүтэц зохион байгуулалтын аж­лаа хийгээд ирсэн юм. Тиймээс ирэх хаврын чуулганаас эхлээд Өвөр­хангайн иргэдийн бүгдийнх нь биш гэхэд нэлээд хэсгийнх нь санаа оноо парламентаар хэлэлцэх хуулийн төслүүд дээр суух нь дамжиггүй.

ШИНЭ МЭДЭЭ