2017.03.24
Улстөр

О.Магнай, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Нарийн бичгийн дарга О.Магнай “Гуравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын яам, агентлагийн албаны хүмүүстэй уулзахдаа хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ингэхдээ Ардчилсан нам өр тавьдаг, Монгол Ардын нам өр барагдуулдаг гэж ойлгогдохоор, үнэнийг хэтэрхий гуйвуулсан, хэт улс төржсөн мэдэгдэл хийсэнд Ардчилсан намын зүгээс харамсаж байна.

Өнгөрсөн долоо хоногт төлж дууссан бондын төлбөр бол 2012 оны гуравдугаар сард тухайн үеийн МАН-ын Ерөнхий сайд Сү.Батболдын гаргасан Евро бондын өрийг өрөөр дарах замаар “Хуралдай” бонд гаргаж төлсөн. Евро бондын хувьд 5.75 хувийн хүүтэй байсан, сая гаргасан Хуралдай бонд нь 8.75 хувийн хүүтэй. Өрийг өрөөр дарж байна.

Хүүний зөрүүнээс 358 сая ам.долларын хохирол учирч байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад есөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих бодитой шийдэл нэгийг ч гаргасангүй. Энэ бүхнийгээ субботник хийлээ гэж дүгнэсэн байна. Ерөнхий сайдыг субботник хийлгэх гэж сонгодоггүй, бодлого боловсруулж, шийдвэр гарга, эдийн засгийн өсөлтийг дэмж гэж гаргадаг.

Мөн АН-ын үед Чингис бондыг салхинд хийсгэсэн  гэж мэдэгдсэн. Тийм зүйл байхгүй. 2012-2016 оны үед хамтарсан засаг барьж байсан. Голлох экспортын бүтээгдэхүүний үнэ өнөөдрийн ханшнаас 2-5 дахин унасан байсан. Энэ үед Ардчилсан нам тухайн үеийн МАН-ын халамжийн зорилгоор зээлсэн Оюутолгой, Чалько зэрэг компаниас зээлсэн нийт төлбөрийн 80 орчим хувийг төлж барагдуулсан. Чингис бондоос гаргасан 1.5 тэрбум ам.долларын хувьд 21 аймгийг авто замаар холбох төсөл хэрэгжсэн. ТЭЦ 3, 4-ийг өргөтгөсөн, 80 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан.

Цаашид МАН энэ мэт худал мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийхээ зогсоох хэрэгтэй. Эдийн засаг байдал сайнгүй байгаа энэ үед МАН 2016 оны сонгуульд иргэддээ амалсан амлалтаа биелүүлж, өрийг өрөөр дарах биш, эдийн засгийн өсөлтөө хангаж өр, зээлээ дарах ёстой” гэсэн юм.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Зүүн хойд Ази болон манай бүс нутгаар айлчлал хийсэн. Токио, Бээжин, Сөүл гээд гурван газар буусан. Харамсалтай нь Улаанбаатарт буусангүй. Энэ бол Гадаад харилцааны яамны санаачлага муу байгаатай холбоотой. Гурав дахь хөршийн бодлогоо хойгуур тавьснаас болж АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатарт ирсэнгүй. Цаашид Гадаад харилцааны яамныхан идэвхитэй ажиллах ёстой гэж АН-ынхан үзэж байгаа гэлээ. Ерөнхий сайд асан С.Баярыг элчин сайдаар томилогдсоныг эсэргүүцэж Лондонд жагсаал хийж байгаа. Үүнийг Ардчиллын соёлд суралцсан шинэ үе бий болж байна гэж үзэж байгааг нарийн бичгийн дарга О.Магнай хэлсэн юм. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбогдуулан ямар нэгэн дарамт учруулсан, дипломат албан тушаалтныг эргүүлж татах хүртэл арга хэмжээ авахын төлөө АН ажиллана гэлээ.

-ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮМҮҮС 
ЁСЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ-

Баянгол дүүргийн АН-ын дарга, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дараа нь мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд энэ мэдээллийг хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Ховдод хурдан морины уралдаан болж хүүхдийн амь нас эрсдсэн харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудаасаа маш их ухралтуудыг хийгээд байна. Өнгөрсөн дөрвөн жилд унаач хүүхдүүдийн асуудал дээр маш том алхам хийсэн.

Хүүхэд хамгааллын хууль, Хүүхдийн эрхийн хуультай боллоо. Энэ хуульд аливаа нэг тэмцээн уралдааныг нэр заадаггүй, нийтэд нь тусгах шаардлагатай байдаг. Үүнд, 6.3.4-т хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц, үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахыг хориглосон байдаг. Энэ хууль одоо мөрдөгдөж байгаа. 9.1-д хүүхдийн амь насанд аюул учруулахуйц, уралдаан тэмцээн явуулах юм бол урьдчилан сэргийлэх бүх үүргийг зохион байгуулагчид авч хэрэгжүүлнэ. Зөрчих юм бол хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн заалт орсон.

Мөн Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/36 дугаар тушаалаар 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хүүхдийг тэмцээн уралдаанд оруулахгүй байх шийдвэр гарсан байгаа. Гэтэл энэ бүх зүйлийг зөрчиж Засгийн газар тогтоол гаргасан. Шүүхээс үүнийг түдгэлзүүлсэн ч уралдаанууд зохиогдсоор байна. Буруутай этгээдүүд хамгийн түрүүнд ёсзүйн хариуцлага хүлээх ёстой. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ” гэлээ.

Мэдээллийн төгсгөлд “2016 оны хоёрдугаар сард Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Г.Баярсайханы гаргасан шийдвэрийг одоогийн Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өвлийн улиралд гэж өөрчилсөн юм байна. Үүнээс болоод нэг хүүхэд нас барсан, өөр бусад уралдаануудад оролцсон хүүхдүүд бэртэж гэмтсэн байна. Ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Хуулийг уландаа гишгэнэ гэдэг бол Ардчилсан нийгэмд байж боломжгүй зүйл. Морин спорт уяачдын холбоо хуулийг уландаа гишгэж байна” гэдгийг нарийн бичгийн дарга О.Магнай хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ