МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.04.21
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Гүйцэтгэх ажилд тавих прокурорын хяналтыг сайжруулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.20/ Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Прокурорын байгууллагын чиг үүргийг нарийвчлан тусгах шаардлагын үндсэн дээр боловсруулсан сайн хууль гэж үзсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"Суурь хууль болох Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг дагалдан процессын хуулийг шинэчилж байгаа учраас Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь дэмжиж байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Прокурорын байгууллагын тухай хууль нь байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг түлхүү тусгасан энэхүү шинэчилсэн найруулгын төсөлд чиг үүргийг нь нарийвчлан тусгаснаараа ач холбогдолтой юм.

Сүүлийн үед яригдаж буй томоохон хэргийн шүүхийн шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөлт оруулах гэхээсээ илүү хуулийн концепцийг ойлгосны үндсэн дээр Прокурорын тухай шинэчилсэн найруулгын төслийг даруй батлан гаргах шаардлагатай.

Уг хуулийн төсөлд, зөрчилд тавих хяналтыг өргөн хүрээтэй авч үзэх болсон. Өмнө нь захиргааны хариуцлага гэдэг байсан бол одоо бүх төрлийн зөрчил, түүний хэрэг бүртгэл, үйл явцад хяналт тавих юм. Тиймээс гааль, татвар, мэргэжлийн хяналт, автотээврийн байцаагч гээд нийт 28 сувьектийн үйл ажиллагааг хянах болж байна.

Нэгэнт Прокурорын байгууллагад бүх төрлийн зөрчилд хяналт тавих үүрэг өгч байгаа бол хүний нөөц, төсвийг хамтад нь шийдэх нь зүйтэй болов уу.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн төсөлд засч сайжруулах зүйл бий. Түүний дотор гүйцэтгэх ажилд тавих прокурорын хяналтыг нарийвчлан тусгах хэрэгтэй. Учир нь одоогийн нөхцөлд гүйцэтгэх ажилд тавих прокурорын хяналт туйлын хангалтгүй байна. Прокурорын хяналтгүй хийсэн гүйцэтгэх ажил нь гэмт хэрэг шалган шийдвэрлэх явцад нотлох баримтын хэмжээнд хүртэл үнэлэгддэггүй.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороо хамтран гүйцэтгэх ажилд тавих прокурорын хяналтыг сайжруулах чиглэлд анхаарах нь зүйтэй гэж үзсэн. Өмнөх парламентын хэд хэдэн гишүүнд гүйцэтгэх ажил явуулсан гэсэн мэдээлэл бий. Тиймээс прокурорын хяналтыг сайжруулж, хүний эрхийг хангах чиглэлд Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг уялдуулах хэрэгтэй." 

ШИНЭ МЭДЭЭ