МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.04.28
Хууль, эрх зүй

С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх чөлөөг хааж боож байгаа юм биш үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хоёр асуудал хөндсөн юм. 

С.Чинзориг: Сэтгэцийн өвчтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэж оруулсан нь хэр зохимжтой вэ?

Нэгд, Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн. Уг хуулийн төслийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээс өмнө өргөн барьсан учраас торгуулийн хэмжээ буураагүй юм биш үү?

УИХ-ын ажлын хэсгийнхэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлтэй нэг бүрчлэн танилцсан байх гэж найдаж байна. Ялангуяа хүний эрхийг хязгаарласан, зөрчсөн зүйл заалт байсан бол зассан байх гэж бодож байна.

Хоёрт, Хуулийн төсөлтэй танилцах явцад хүний эрхийг хязгаарласан заалтууд байна. Тухайлбал, хуулийн төслийн 5,8,5 дахь хэсэгт Сэтгэцийн өвчтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал цуглаанд оролцуулсныг зөрчилд тооцно гэж заажээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл шахалт дарамт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Зөрчлийн тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 8,5 дахь хэсэг/

Сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр сэтгэцийн өвчтэй бөгөөд бие даан шийдвэр гаргах чадваргүй гэж үзсэн бол өөр асуудал. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд жагсаал, цуглаанд оролцож болохгүй, оролцвол зөрчил мэтээр ойлгогдож байна. Тиймээс энэ заалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж боосон заалт болчих гээд байна. 

Ажлын хэсгийн оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг харахаар уг заалтыг залруулаагүй байна.

С.Бямбацогт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сайн дураараа жагсаалд оролцож байгаа бол зөрчил биш

Хууль зүй, дотоод хэргийн сайд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгуулийн хэмжээ нэмэгдэж байгаа юм биш үү гэж асуулаа. Хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уясан ямар нэгэн зүйл заалт, торгууль байхгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ гээд торгуулийн хэмжээ нэмэгдээгүй гэсэн үг.

Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг хэд хэдэн хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уях тохиолдол бий. Энэ нь валютын ханш, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй нэмэгддэг учраас торгуулийн хэмжээг тогтвортой байлгах үүднээс “тооцооны нэгж” гэсэн нэгжийг авч хэрэглэж байгаа.

Өмнөх Зөрчлийн тухай хуульд нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцож, торгууль ногдуулахаар байсныг шинэчилсэн найруулгын төслөөр нэг нэгжийг 1000 төгрөг болгож бууруулсан. Мөн хуулийн төсөлд тодорхой заасан зөрчилд торгууль ногдуулахдаа орлоготой нь уяж байгаа тохиолдол бий. Тиймээс торгуулийн хэмжээ нэмэгдээгүй гэж ойлгож болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд жагсаал, цуглаанд сайн дураараа оролцож байгаа бол үүнийг зөрчилд тооцохгүй. Тодорхой зохион байгуулалттайгаар албадлагын шинжтэй оролцуулсан бол зөрчилд тооцож, тухайн этгээдийг хариуцлага хүлээлгэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие хамгаалах чадвар султай учраас албадан жагсаал, цуглаанд оролцуулсан бол тухайн иргэний эрхийг хамгаалж, албадсан этгээдийг торгох юм. 

ШИНЭ МЭДЭЭ