МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булган аймагт хөгжих боломж асар их байна
Зургийг "Булган аймаг" фэйсвүүк хуудаснаас авав
2017.05.10
Орон нутгийн хөгжил

Булган аймагт хөгжих боломж асар их байна

Булган аймгийг зөвхөн Сайханы айргаар нь төсөөлөшгүй нөөц боломж ихтэй бүс нутаг. Тиймээс бид “Томилолт” булангийнхаа энэ удаагийн дугаарт Булган аймгийн онцлог давуу тал хийгээд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш орон нутагтаа ямар ажил хийж хэрэгжүүлсэн болохыг тоймлон хүргэж байна.

Булган аймаг нь 16 сум, 1 тосгон, 75 багтай. Монгол орны хойд хэсгийн уулархаг хэсэгт оршдог. Хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Төв, Архангай, Өвөрхангай аймгуудтай хөрш. Улаанбаатар хотоос 318 км зайд оршдог.

Булган аймаг, Булган хот. Энэ хот 79 жилийн түүхтэй

Газар нутгийн хувьд стратегийн өндөр ач холбогдолтой байршилд оршдог гэж болно. Энэ ч утгаараа ОХУ-ын Закаменск аймагтай дипломат харилцаа тогтоож, Бага илэнхийн боомтоор дамжуулж, ОХУ руу мах экспортлох, аймаг дамжсан аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллаж байна.

Булган аймагт болсон “Хөгжлийн хөтөч” форумын үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ олон улсын стандартын дагуу мах боловсруулж, ангилан Оюу толгой ХХК болон олон улсын байгууллага, зарим ресторанаар түгээдэг Ханаду компанийн үйл ажиллагааг сайшаав. Энэ мэт махны үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжихийн сацуу малыг эрүүлжүүлэх, чанарыг сайжруулахад анхаарснаар малчдын орлого нэмэгдэх ач холбогдолтой гэдгийг дурдаж байлаа.

Хөдөө, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой олон улсын байгууллагын төсөл эхний ээлжинд Булган аймагт хэрэгжихээр болсныг ч энд дурдах нь зүйтэй. Өрсөлдөх чадвартай, үр ашигтай мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр Булган аймаг хөгжих боломжтой.  

Тус аймаг нь Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудтай хатуу хучилттай замаар холбогдсон. Монгол Улсын хэвтээ болон босоо тэнхлэгийн төв зам таван сумаар дайран өнгөрдөг. Бүх сум баг, эрчим хүчний систем, шилэн кабельд холбогдсон. Ингээд бодохоор дэд бүтцийн хөгжил харьцангуй сайн учраас аймагтаа ая тухтай амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес эрхэлж, хөрш аймгууд болон Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд дөхөм.

2016 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн ам 61366-д хүрсэн. Хүн амын нягтаршлаар улсад 13-д, хүн амын тоогоор 21 аймгаас 18-д, газар нутгийн хэмжээгээр 17-д ордог.

Энэ утгаараа зах зээлийн багтаамж сул, газар нутгийн хэмжээ бусад аймагтай харьцуулахад бага атлаа хүн ам нь тархай бутархай суурьшдаг гэж хэлж болно.

Гэхдээ нийт хүн амын 60,6 хувь нь 0-35 насныхан байдаг учраас ажиллах хүч, нөөц боломж харьцангуй сайн. Цаашид суурьшлын тархай бутархай хэлбэрийг засаж, аймаг, сум, багуудыг ижил түвшинд жигд хөгжүүлэх шаардлагатай байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 980 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа бизнес эрхлэгчид эмэгтэйчүүдийг дэмжих нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үзэж байна. Тэрээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд оролцож, тэдэнд тулгамдсан асуудлыг сонсож, шийдэл эрэлхийлсэн юм.

Аймгийн ДНБ 322,4 тэрбум төгрөгт хүрчээ. Эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй бөгөөд ДНБ-ий 61,5 хувийг эзэлдэг. Гэсэн ч аймгийн төсвийн 25,5 хувийг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого бүрдүүлж байгааг төрөлжүүлж, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбараас олох орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй.

Байгалийн нөөц, ашигт малтмалаас алт, мөнгө, зэс молибден, хар тугалга, чулуун нүүрс, оюу, номин, болор, гантиг боржин чулуу, барилгын төрөл бүрийн эрдэс баялагтай, элс, хайрга, хүрмэн ба шохойн чулуу, зос будаг зэрэг элбэг. Байгалийн арвин баялаг нөөцөд нэмүү өртөг шингээн, үнэ цэнийг нь илүү өсгөх шаардлагатай.

Булган аймгийн хөгжлийн бас нэг гарц

Булган аймаг нь газар тариалан эрхлэлтээр улсад 3-д, малын тоогоор 6 дугаар байр эзэлдэг. Жилд дунджаар 40 099 га талбайд тариалалт хийж, 45 000 тн ургац хураан авч байна. Мал сүргийн хувьд хонь, ямаа зонхилдог. Тэр дундаа 1 сая 55 мянга гаруй тоо толгой ямаатай учраас тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ноос ноолуурын салбарт гойд анхаарч, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлогыг энэ салбарт чиглүүлж, бүсчлэх ёстой гэж үздэг.

Тус аймгийг байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, аялал жуулчлалын бүс нутаг гэж хэлж болно. Жилд дунджаар 8500 гаруй гадаадын, 48 000 гаруй дотоодын жуулчид ирдэг бөгөөд энэ нь жуулчдын урсгал жил бүр 15 хувиар өссөн үзүүлэлт юм.

Булган аймгийн долоон гайхамшигт Хөгнө тарна байгалийн цогцолборт газар, Уран тогоо уул, Шивээт улааны цогцолбор, Хар бухын балгас, Чин толгойн балгас, Бий булгын балгас, Могойн шинэ ус багтаж байна. 

Булган аймаг, Хутаг-Өндөр сум, Уран тогоо

Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг дархлан хамгаалж байна. Хунт, Хульж, Хануй, Цагаан гол, Чин толгой, Чулуут, Хөөвөр, Зүүн түрүү зэрэг З0 орчим анагаах чадалтай рашаантай. Эндээс эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж их байна. 

Сэлэнгэ, Эг, Орхон, Туул, Хануй зэрэг 380 гаруй ариун уст гол горхи, 370 шахам булаг шандтайгаас Эгийн гол дээр УЦС барих асуудал яригдаж байна. Монгол Улсын Засгийн газар 2018 оноос л Эгийн голын УЦС-ын дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Төрөл бүрийн жимс жимсгэнэ, эмийн ургамлаар баялаг. Тийм учраас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Жимс жимсгэнийн хөтөлбөр” санаачилж, хөтөлбөрийн хүрээнд чацаргана, чавга, алим, гүйлс, тошлой зэрэг жимс жимсгэнийг тарьж ургуулж байна.

Эрүүл мэндийн салбарт төрийн болон хувийн 57 байгууллага, 800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд энэ хүч, нөөц боломжийг дайчлан аймгаа хавдрын өвчлөлгүй болгох үүднээс УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хавдаргүй Булган” хөтөлбөрийг санаачилж, элэгний В, С вирусын илрүүлэг, хавдрыг эрт оношлох үзлэг, зөвлөгөө мэдээллийг зохион байгуулж байна.

Мөн Булган аймгийн Бүрэгхангай, Гурванбулаг, Хутаг-Өндөр, Хялганат суманд иж бүрэн тоноглогдсон түргэний машин хүлээлгэн өгсөн нь эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойр хүргэх бас нэг алхам юм.

2016 оны жилийн эцсийн байдлаар Булган аймаг нь сургуулийн өмнөх боловсролын 22 цэцэрлэг, 23 сургууль, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн 2 төвтэй. Тэгвэл тун саяхан 5 жилийн өмнө барилгын ажил эхэлсэн ч зогсонги байдалтай байсан Булган сумын 2 дугаар цэцэрлэг ашиглалтад орж, нээлтэд орсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ багш, сурагчид, эцэг эхчүүд хамран сургах тойрогтоо шинэ цэцэрлэгтээ болсныг сайшаав.

Булган аймагт хөгжих боломж асар их байна. Энэхүү боломжийг түрүүлж олж харсан хүн л хожно. Харин боломжийг олж харсан хүнийг бодлогоор дэмжих нь төр засгийн үүрэг билээ.

ШИНЭ МЭДЭЭ