МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660,3 тэрбум төгрөгийг алдагдалтай гарчээ
2017.07.05
Эдийн засаг, Худалдаа

Нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660,3 тэрбум төгрөгийг алдагдалтай гарчээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.07.04) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 05 минутад эхэлж, хэд хэдэн асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа төслийн талаар танилцууллаа.

2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлгээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.8 их наяд төгрөгт хүрч 107,5 хувийн биелэлттэй, зарлага 9.4 их наяд төгрөгт хүрч 95 хувийн биелэлттэй гарчээ. Улмаар нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийг алдагдалтай тайлагнагджээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харъяалагдах Үндэсний статистикийн хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Эрчим хүчний сайдын багцын 77 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит 64 аж ахуйн нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 36 төсөл, сангуудын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гарсан болохыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа танилцуулсан. 

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 200.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 45.8 тэрбум төгрөгөөр их, өмнөх оны гүйцэтгэлээс 881.9 тэрбум төгрөгөөр өссөн гүйцэтгэлтэй байгаа юм байна. Урсгал зардалд 74.5 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 1 их наяд 98.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Нийт зарлага болон цэвэр зээлийн гүйцэтгэлийн хэтрэлт нь Зам тээврийн хөгжлийн сайдын багцын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын хурдны автозам барих, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслүүдийн гүйцэтгэл өндөр гарсантай холбоотой аж.

Нийт зарлага болон цэвэр зээлийн 81.8 хувь буюу 981.7 тэрбум төгрөгийг Зам тээврийн хөгжлийн сайд, 10.8 хувь буюу 129.3 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд, 5.5 хувь буюу 65.8 тэрбум төгрөгийг Барилга, хот байгуулалтын сайд, 1.4 хувь буюу 16.4 тэрбум төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, 0.5 хувь буюу 5.3 тэрбум төгрөгийг Үндэсний статистикийн хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын төсвийн багцын зарлага эзэлж байгаа аж.

Тайлант онд улсын төсвөөс 602.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгосон бол Хөгжлийн банкнаас 252.8 төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн байна. Улсын төсвөөс 655.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, төсөвт байгууллагын өөрийн орлогоор 12.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус бүрдүүлсэн болохыг танилцуулгад дурдав. Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсан аудитын дүгнэлтийг хуралдаанд танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Зам тээврийн хөгжлийн сайдын багцын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын хурдны автозам барих төслийн гүйцэтгэлийн хэтрэлтийн талаар Ажлын хэсгээс тодруулж хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Засгийн газрын авлага өнгөрсөн оныхоос өссөн дүнтэй байгаа бөгөөд авлагыг барагдуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар асуулаа. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Төрийн сангийн авлага 3 их наяд 438 тэрбум төгрөг байгаа бөгөөд Өр барагдуулах алба тодорхой ажлуудыг гүйцэтгэж байгаа хэмээн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа, М.Оюунчимэг нар ирэх оны тайланг илүү тодорхой, бодитой, нарийвчилсан задаргаатайгаар хийх шаардлагатай гэдэг саналыг хэлж байлаа. Урсгал зардлын өсөлт нь хөрөнгийн зардлын өсөлтөөсөө хол түрүүлээд байгаа нөхцөл байдалд Засгийн газар онцгойлон анхаарч өөрчлөлт хийх, Засгийн газрын авлагыг барагдуулах, Үндэсний аудитын газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, гаргасан дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын тогтоолын төсөлд тусгаж, аудитын дүгнэлт, зөвлөмж заавал хэрэгждэг, зөрчил дутагдал жил дараалан давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгож, төсөвт хуулиар тавигддаг шаардлага, хязгаарлалтыг тууштай мөрддөг байхад тус тус анхаарах нь зүйтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлсэн.

Ийнхүү төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 72.4 хувийн саналаар “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.

ШИНЭ МЭДЭЭ