Баянгол дүүрэгт 960 хүүхдийн сургууль нээлтээ хийлээ
2017.09.15
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүрэгт 960 хүүхдийн сургууль нээлтээ хийлээ

Баянгол дүүргийн англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай 73 дугаар сургууль өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийлээ.

Тус сургууль анх 1989 онд үүд хаалгаа нээж байжээ. Харин 2010 онд сургалтын үйл ажиллагаа явуулах, хүүхэд хүлээн авах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, 2013 оноос хүүхдүүдээ дүүргийнхээ гурван сургуульд хуваан хичээллүүлж байсан юм.

Харин өнөөдөр тус сургууль 960 хүүхдийн суудалтай цоо шинэхэн хичээлийн байраа хүлээн авлаа. 73 дугаар сургуулийн барилгын ажлыг 2015 онд “Монкон Констракшн” ХХК Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газартай концессын гэрээг байгуулж, угсралтыг 2016 оны тавдугаар сард эхлүүлэн, графикын дагуу хийн ийнхүү хүлээлгэн өгч байгаа юм.

Сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Баянгол дүүргийн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг болон албаны бусад хүмүүс оролцож, шинэ хичээлийн байрандаа орж буй сурагч хүүхдүүд, тус сургуулийн багш, ажилчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн юм.

Дөрвөн жилийн турш өөр сургуулийн байранд хуваагдан хичээллэж байсан хүүхдүүд тохилог, тав тухтай, олон анги танхимд хичээллэх болсондоо маш их баяртай байсан бөгөөд үнэхээр сайхан сургууль барьж өгсөн Баянгод дүүргийнхээ ах эгч нарт талархаж байгаа гэдгээ хэлж байлаа. Мөн эцэг эхчүүд ч хүүхдүүд нь олон улсын стандарт, шаардлага хангасан, төрөлжсөн анги танхимтай шинэ сургуультай болсонд сэтгэл хангалуун байлаа. 

Тус сургуулийг зуун буудалт даамын их мастер, Азийн дөрвөн удаагийн аварга Д.Эрдэнэбилэг, Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн хүрэл медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт О.Насанбурмаа гээд тив дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийг гаргаж яваа олон тамирчин, бизнесмэн, эрдэмтэн судлаачид төгссөн байдаг. Шинээр баригдсан сургуулийн барилга гурван давхар, 7158 м2 ашиглалттай талбайтай, 30 анги танхим, 27 кабинет, 260 хүүхдийн суудалтай урлаг заал, 606м2 талбайтай спорт заал, чөлөөт бөхийн бэлтгэлийн өрөө, иж бүрэн номын сантай, хоёр блоктой юм.

ШИНЭ МЭДЭЭ