МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Казахстаны Элчин сайдыг хүлээж авч уулзлаа
2017.11.14
Гадаад харилцаа

Казахстаны Элчин сайдыг хүлээж авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландиныг хүлээж авч уулзлаа. Элчин сайд уулзалтын эхэнд Казахстан улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд Тамара Босымбековна Дуйсеновагаас УИХ-ын гишүүн С.Чинзоригт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах болсонд баяр хүргэсэн мэндчилгээг гардуулсан юм.   

Мэндчилгээнд хоёр улсын олон жилийн найрсаг харилцаа тэр дундаа хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагаа улам илүү өргөжин тэлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэн С.Чинзориг сайдад амжилт хүссэн байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Монгол Улс, БНКАЗУ-ын Засгийн газар хоорондын комиссыг тэргүүлдэг. Тэр утгаараа энэ удаагийн уулзалтаар ирэх 2018 онд хийхээр товлосон хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын VII хуралдааны товыг тогтох, бэлтгэл ажлыг хангах асуудлыг түлхүү хөндөж ярилцсан юм. 

Элчин сайд Калыбек Ибрагимович Казахстан улс Монголтой эдийн засгийн нягт харилцаатай, хоёр орны хувьд эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй, уул уурхай бөгөөд адил төстэй эдгээр салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоо их байгааг онцлоод уран, алт олборлолт, боловсруулах үйлдвэр байгуулахад хамтрахаас гадна манай улсаас мах, ноос ноолуур зэрэг малын гаралтай түүхий эд авах  сонирхолтой байдгийг дуулгасан.

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор сүүлийн хоёр жил дараалан “Бизнес форум” зохион байгуулахад оролцсон аж ахуйн нэгжүүд 24-25 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлцлүүд хийж хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Бизнесийн чиглэлээр хамтарч ажиллахад хамгийн хүндрэлтэй нь тээвэр ложистикийн асуудал байдаг бөгөөд Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг нээх тухай яриа хэлцэл хоёр жилийн өмнөөс хийж эхэлсэн ч үр дүн муутай байгааг Засгийн газар хоорондын комиссыг ахалж буйн хувьд анхаарч үзэхийг С.Чинзориг сайдаас хүслээ. Мөн хоёр жил тутам зохион байгуулахаар тохирсон ч 2014 оноос хойш хуралдаагүй Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг  2018 оны гурав, дөрөвдүгээр сарын аль нэгэнд хийх саналыг Казахстаны талаас тавьж буйг уламжилсан. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Элчин сайд К.И.Кобландинт болон Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгаалын сайд Т.Б.Дуйсеновад талархал илэрхийлээд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг 2018 оны эхний хагас жилд багтаан хийх чиглэлтэй байгааг танилцуулаад, хурлаар хэлэлцэх асуудлуудаар өмнө нь зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах, өмнөх хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг гаргах зэргээр VII хуралдаанд бэлтгэх ажлыг эрчимжүүлэхэд хоёр тал анхаарч ажиллах шаардлагатайг хэлсэн юм.Мөн 2014 онд хүчин төгөлдөр байх хугацаа нь дууссан Нийгмийн хамгааллын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинээр байгуулахад анхаарч ажиллахыг Казахстаны талаас хүсч буйгаа  илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ