МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг сайд залуучуудад чиглэсэн төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ
2017.11.15
Гадаад харилцаа

С.Чинзориг сайд залуучуудад чиглэсэн төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ

Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг дэмжин төсөл хөтөлбөр хэрэгжүүлж санхүүгийн болон арга зүйн туслалцаа үзүүлдэг томоохон донор байгууллагын нэг нь Швейцарийн Хөгжлийн агентлаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2017-11-15/ Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Илириа Далиг хүлээж авч уулзан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийнх нь талаар санал солилцлоо

Тэрбээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт олон жил хамтарч ажиллаж, ялангуяа хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэмжих талаар олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгаад салбарын сайдын хувьд талархал илэрхийлээд албан бус салбарт ажиллагсад тэр дундаа бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг дэмжсэн “Бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах нь” төслийн үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа онцолсон юм.

Монголын хүн амын дийлэнх нь залуучууд. Тэр утгаараа ажилгүйдэлд өртөж байгаа хүмүүсийн дийлэнх нь залуучууд байдаг учраас Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж байгаа “Залуучуудын хөгжил”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслүүдийг залуучуудын хөгжлийг дэмжих, тэдэнд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд залуучуудад хүргэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, залуучуудын ур чадварт түшиглэсэн, тэднээр удирдуулсан, шинэлэг санаачилга бүхий гарааны бизнесийг хөгжүүлэхэд ач холбогдолтой, үр дүнгээ бодитоор өгч байгаа хэмээн үнэлээд цаашид төслийн хүрээнд их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургууль төгссөн залуусыг ур чадвартаа түшиглэн хөдөлмөрөө хорших замаар өөртөө болон бусдад ажлын байр бий болгох санаачилгыг дэмжихэд анхаарахын хамт төслийн хамрах хүрээг өргөжүүлж, хэрэгжих хугацааг уртасгах боломжийн талаар тодруулсан. 

Тэрбээр мөн манай улсад ажилгүйдлийн түвшин өндөр, үүнээс улбаалан ядуурал нэмэгдэж буй энэ нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой анхаарах шаардлага байгаа бөгөөд иргэн бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд ажил хөдөлмөр эрхлээгүй болон нэн ядуу амьдарч байгаа иргэдийн судалгааг тодорхой гаргаж, мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор ажиллаж байгаагаа ч дуулгасан юм.

С.Чинзориг сайдын онцлон дурдсан өөр нэг төсөл нь “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь”. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бага насны охид хүчирхийлэлд өртөж, гэмт хэргийн золиос болсон тохиолдол буурахгүй байгаа нь энэ чиглэлд бодлогын дорвитой шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатайг илтгэж буй юм. Тиймээс гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд анхаарч буйгаа С.Чинзориг сайд онцлоод энэ бодлогыг хэрэгжүүлэхэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төсөл чухал ач холбогдолтой хэмээсэн юм. Түүнчлэн хамтарч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд   

Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Илириа Дали С.Чинзориг сайдын төслүүдийн талаарх дүгнэлт, байр суурийг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд Швейцарийн хөгжлийн агентлаг Монгол Улсын Засгийн газартай Хөгжлийн хамтын ажиллагааны стратегийн бартимт бичиг байгуулсны үндсэн дээр хамтын ажиллагааны хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, гурав дахь шатны стратегиа байгуулахаар ажиллаж байгааг сайдад танилцуулсан. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс гадны хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч орнуудын  төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэл давхардалд анхаарахыг хүссэний хариуд сайд С.Чинзориг  хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажилладаг олон улсын донор байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж буй бөгөөд ингэснээр үйл ажиллагааны давхцал гарахгүй, ажлын уялдаа холбоо сайжирна гэж үзэж байгаагаа хэлсэн юм. 

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаа цаашид үргэлжилж 2018-2021 оны хөтөлбөрийг эцэслэж батлах шатандаа ажиллаж байгаа бөгөөд Монгол Улс дэмжлэг үзүүлэх тэргүүлэх орны нэгээр сонгогдсон байна. Энэ удаагийн стратегидаа Засаглалыг сайжруулах, Хүнс хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, тэр дундаа цаг уурын өөрчлөлт, газар зохион байгуулалт, цөлжилт усны менежментийг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч, Мэргэжлийн боловсролын сургалтыг сайжруулах, Тогтвортой бичил уурхай төслийг үргэлжлүүлэхээр оруулж байгаа аж. 

ШИНЭ МЭДЭЭ