МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол төслийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ
2017.11.23
Гадаад харилцаа

Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол төслийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүслээ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Штефан Дуппел болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны бодлого хариуцсан ахлах зөвлөх Доротий Швилл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж Монгол Улсад мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, сургалтын агуулга, арга зүйг шинэчлэх, суралцагчдын сурах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай төслүүдийн талаар санал солилцлоо.

Барилгын политехник коллежид болсон уулзалтад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Б.Бат-Эрдэнэ, А.Ундраа, Н.Учрал, нар оролцож ХБНГУ, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын санхүүжилтээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс хэрэгжүүлж буй мэргэжлийн боловсрол, сургалт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг дэмжих төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар ярилцсан юм. 

“Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн эхний шат 12 сая еврогийн санхүүжилттэйгээр 2013-2016 онд Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох богино, урт хугацааны мэргэшүүлэх сургалтуудыг эдийн засаг, нийгмийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хангахтай уялдуулан зохион байгуулах чиглэлээр баруун болон төвийн аймгуудын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад амжилттай хэрэгжсэн.

Төслийн хоёрдугаар шат 2016 онд эхэлсэн бөгөөд нийт 12 сая еврогийн санхүүжилтээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад нийцсэн сургалтын стандарт, хөтөлбөр, гарын авлагыг барилга, уул уурхайн салбарын 12 мэргэжлээр боловсруулж сургалтад ашиглах, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалтын орчинг сайжруулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын  багш нарыг сургалтад хамруулж чадавхыг бэхжүүлэх, олон улсын зөвлөх мэргэжилтэн сургуулиудад ажиллуулах, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг дэмжин мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийг сургалтанд хамруулж мэргэшүүлэх, олон улсын стандарт, салбарын эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол сургалтыг хөгжүүлэх зорилгоор Даланзадгад, Дархан, Дорнод политехник коллежийн сонгосон техникийн мэргэжлийн чиглэлээр “Чадамжийн төв” болгон бэхжүүлэх,  хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хувь хүний ур чадварт тулгуурласан мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг үзүүлэхээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачлагаар  ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөх бэлтгэх магистрийн 1,5 жилийн хөтөлбөрийг МУИС дээр хэрэгжүүлж буй юм.

Түүнчлэн Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын нэр хүндийг өсгөх үүднээс Дэлхийн ур чадварын “World Skills” тэмцээнд оролцох Монголын багийг дэмжин ажилласныг төслийг хэрэгжүүлж буй GIZ байгууллагынхан танилцууллаа.

Төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон УИХ-ын гишүүд ХБНГУ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын  салбарыг хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг сайжруулах болон  залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн үр дүнтэй ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа нь Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг болж байгааг онцлоод цаашид төслийг өргөжүүлж, хамрах хүрээг нэмэгдүүлэн  хамтран ажиллах, МСҮТ болон политехник коллежуудад амжилттай хэрэгжсэн сайн туршлагыг бусад сургалтын байгууллагуудад хэрэгжүүлэх, ашигт малтмалын салбараас гадна үйлчилгээний салбарыг нэмж мэргэжлийн боловсрол, сургалтын хүрээнд судалгаа, сургалтын хөтөлбөр агуулга, багш хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сургалтын орчинг сайжруулахад хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийллээ. 

Уулзалтад албаны хүмүүсээс гадна Дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдсөн Монголын багийн багш, сурагчид, төсөл хэрэгжүүлж буй сургуулиудын төлөөлөл, хувийн хэвшлийн байгууллагынхан оролцсон нь төслийн үйл ажиллагаанаас гадна мэргэжлийн боловсрол сургалтын чанарыг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоо болон сургуулиудыг төрөлжүүлэх асуудлууд дээр санал бодлоо солилцох боломжтой байсан юм.   

Тэд Монгол Улсад хэрэгжиж буй МБС-ын хөтөлбөрүүдэд практик дадлага нэн дутмаг байдаг бөгөөд хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудын оролцоог дэмжин ажилласнаар байгууллагууд дээр дадлага хийх бололцоогоор хангах боломжтой талаар ярилцсан. Түүнчлэн мэргэжлийн боловсролын сургуулиудыг төрөлжүүлэх, сургалтууд өөрийн дадлага ажил дээр тулгуурлан тодорхой орлогыг бий болгох боломжтой талаар ч хөндсөн.

ШИНЭ МЭДЭЭ