МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Тээврийн 7 хоног” форумд илтгэл тавилаа
2017.12.11
Гадаад харилцаа

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Тээврийн 7 хоног” форумд илтгэл тавилаа

-ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Тээврийн 7 хоног” форумд Монгол Улсын тээврийн салбарын хөгжлийн талаар илтгэл тавилаа-

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо энэ сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног-2017” олон улсын арга хэмжээнд оролцлоо. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний “Оросын тээвэр, байгаль орчны уялдаа” сэдэвт нэгдсэн хуралдааны илтгэлүүдтэй танилцаж, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров нартай албан уулзалт хийв.

Уулзалтаар талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, түүнчлэн, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, тээврийн сайд А.О.Жунусов Евроазийн эдийн засгийн банкны ерөнхийлөгч нартай уулзаж Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны 2015 оны санамж бичгийн хүрээнд хоёр талын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Зам тээвэр, гаалийн салбарт 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын бизнес эрхлэгчдийн оролцоотой форумыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.

“Тээврийн 7 хоног 2017” олон улсын хурал “Евразийн тээвэр, логистик-шинэ боломжууд” сэдэвт хурлаар хаалтаа хийсэн юм. Энэ үеэр Ж.Бат-Эрдэнэ сайд илтгэл тавилаа. Тэрбээр, Ази-Европыг холбох тээврийн тогтвортой харилцааг бий болгох, тээврийн салбарын уялдаа холбоог сайжруулах, шинээр төлөвлөгдөж буй Ази-Европын тээврийн цогц системийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх чухал зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээг зохион байгуулагчдад талархал илэрхийлж, ач холбогдлыг онцлон дурдлаа.


Сайд илтгэлдээ “…Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улс өөрийн энэхүү газар зүйн давуу талыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа, тээвэрлэлтийн сүлжээнд өргөнөөр холбогдох, хоёр их хөрштэйгөө хамтран Ази-Европын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн урсгалыг манай улсыг дамнасан замналаар өнгөрүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байна…

…Монгол, Орос, Хятад гурван улсын Төрийн тэргүүнүүд 2015 онд анх удаа хэлэлцээний ширээний ард сууж анхны гурван талт уулзалтыг хийж байсан бол 2016 онд Монгол, Орос, Хятад гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталж хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтыг баталсан нь ирэх 20-30 жилд хэрэгжүүлэх үндэстэн дамнасан томоохон төслүүд байна гэдэгт эргэлзэхгүй байна…

…Бид авто зам, төмөр зам, агаарын болон усан замын тээврээр улам өргөн хүрээнд холбогдож, мэдээлэл, харилцаа холбооны эрин зуунд нягт хамтран ажилласнаар нийгэм, эдийн засгийн хөгжлийн нэг замналаар хамтдаа алхах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Одоо Монгол Улс хоёр хөрш улстайгаа төмөр замын нэг коридороор холбогддог бол Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд бид манай улсыг дайран өнгөрөх төмөр замын гурван коридороор холбогддог болох том амбицтай хөтөлбөр боловсруулаад ажиллаж байна.

Бид хоёр хөршөөрөө дамжуулан гуравдагч улсуудтай холбогдох, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Монголын эрдэс баялаг, экспортын бараа бүтээгдэхүүнийг дамжуулан тээвэрлэх дэлхийн зах зээлд гаргах эрмэлзэл, тодорхой төсөл, санаачилгууд бидэнд байна.

Ази, Европ тивийг холбох хамгийн дөт замналтай Монгол Улс нь бүс нутгийн бусад улс орнуудтай ч тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлж, холбогдох чиглэлээр тууштай, идэвхтэй хамтран ажиллах болно. Монгол Улс түншүүдийнхээ итгэл даасан, идэвх, санаачилгатай хамтрагч байх болно” хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ