МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Дадлагажигч ажилтныг таван жилийн хугацаатайгаар илгээнэ
2018.01.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Дадлагажигч ажилтныг таван жилийн хугацаатайгаар илгээнэ


Монгол Улсын Засгийн газар Япон Улсад ажиллах хүчин илгээх асуудлыг 2016 оны үеэс хойш сөхөж ярьсан хэдий ч бодит байдлаар ажил хэрэг болоогүй байгаа юм. Гадны орнуудад ажиллах хүсэлтэй иргэдийн анхаарлыг татсаар буй уг асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулга авлаа. Тэрээр өнгөрөгч оны сүүлээр Япон Улсад ажилллах хүчин илгээх асуудлаар ажиллаад ирсэн юм.

-ДАДЛАГАЖИГЧААС УРЬДЧИЛГАА, БАРЬЦАА МӨНГӨ АВАХЫГ ХОРИГЛОЖ БАЙГАА-

-Та саяхан  дадлагажигч ажиллах хүчин илгээх асуудлаар Япон Улсад ажиллаж, санамж бичигт гарын үсэг зураад ирсэн. Санамж бичгийн гол агуулга юу байсан бэ?  

-Япон Улсын Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтай уулзаж, хоёр орны хооронд ур чадвартай, техникийн дадлагажигч илгээх асуудлаархи санамж бичигт гарын үсэг зурсан. Япон Улс өнгөрсөн жил гаднаас дадлагажигч ажилтан авах бэлтггэлээ хангах үүднээс холбогдох хууль тогтоомжуудаа шинэчилсэн юм байна. Эдгээр хууль тогтоомжтой нь уялдуулж, санамж бичгийг шинээр байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар хэд хэдэн чухал асуудал шийдэгдэж байгаа. Нэгд, өмнө нь дадлагажигч ажилтны ажиллах хугацаа  гурван жил байсан. Одоо таван жил болж, хугацаа нь нэмэгдэж байгаа. Хоёрт, Япон Улсын зүгээс өмнө нь дадлагажигч авахдаа ТББ-уудын холбооны гишүүн байгууллагууд манай улсын ААН-үүдтэй гэрээ хийдэг байсан. Харин одоо Япон Улс дадлагажигч ажилтан авах асуудлыг хариуцсан төрийн байгууллагын бүтэц бий болгож байгаа юм билээ. Энэ мэт чухал асуудлууд санамж бичигт тусгагдсан байгаа.

-Японд ажиллах хүчин авах асуудлаар төрийн байгууллагын бүтэц бий болсон гэхээр өмнөх яриа хөөрөөнүүд нэлээд өөрчлөгдөнө гэсэн үг үү?

-Ирэх сарын сүүлээр Япон Улсаас дадлагажигч ажилтан авах  асуудлыг хариуцаж буй төрийн байгууллагын төлөөлөл манай улсад ирэх юм. Төлөөлөгчид манай ажил олгогчид, дадлагажигчаар явах хүсэлтэй иргэд, илгээгч байгууллагуудтай уулзахаар төлөвлөсөн. Уулзалтаар Япон Улсаас тавих стандарт, нэлээд өндөрсгөөд буй шаардлагуудынхаа талаар танилцуулга хийх юм.

-Зуучлагч компаниудын асуудал санамж бичигт тусгагдсан уу?  

-Санамж бичиг зурагдсантай холбоотойгоор ний нуугүй хэлэхэд нэлээд асуудлуудаа эргэж харах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Тухайлбал, манайд Япон улсад дадлагажигч ажилтан илгээх чиг үүрэг бүхий зуучлагч компаниуд нэлээд хэд байна. Зуучлагч байгууллагууд ойролцоогоор 60 орчим байгаа юм. Хоёр орны салбар яамдын хооронд байгуулагдсан санамж бичигт тусгагдсан шаардлагын дагуу бид зуучлагч компаниудаа дахин аттестатчлах шаардлагатай. Аль болох цомхон, чанартай илгээгч байгууллагатай байх нь их чухал байна.

-Дадлагажигчаас зуучлагч компаниуд мөнгө авдаг, барьцаа нэхдэг асуудал цэгцлэгдэх үү?

-Нөгөө талаас зардал мөнгөтэй холбоотой асуудлууд дээр нэлээд хатуу шаардлагууд тавьсан. Тухайлбал, өмнө нь зуучлагч компаниуд залуучуудыг дадлагажигчаар явуулж өгнө гэж амлан барьцаа, урьдчилгаа мөнгө авдаг байсан юм билээ. Ийм асуудлууд гардаг учраас санамж бичигт дадлагажигчаас урьдчилгаа, барьцаа мөнгө авахыг хориглож байгаа. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд зуучлагч байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлахаар санамж бичигт тусгаж өгсөн. Энэ нь дадлагажигчаар ажиллах хүсэлтэй иргэдэд санхүүгийн бэрхшээл учрахгүй байх, залилан, хууран мэхлэлт гарахгүй байх сайн талтай гэж бид харж байгаа.

-ӨМНӨ НЬ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭД ДАДЛАГАЖИГЧААР ЯВНА ГЭСЭН 
БАТАЛГАА БАЙХГҮЙ-

-Япон Улсад ажиллах дадлагажигчдыг төрийн үйлчилгээгээр хангах, эрх ашгийг нь хамгаалах чиглэлд тодорхой ажлууд хийгдэх үү?

-Ер нь бид оны эхнээс авахуулаад Япон Улсад дадлагажигчаар ажиллах хүсэлтэй байгаа иргэдэд тодорхой байдлаар мэдээлэл хүргэж ажиллана. Илгээгч байгууллагуудаа цэгцлэх чухал ажил хүлээгдэж байна. Япон Улсад өнөөдрийн байдлаар 900 монгол иргэн дадлагажигчаар ажиллаж  байна. Цаашид энэ тоо тасралтгүй нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Тийм учраас Япон Улсад салбар яамны харьяа нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг судалж, Засгийн газарт ойрын хугацаанд танилцуулан шийдүүлэх төлөвлөгөөтэй байна. Ингэж чадах юм бол Японд ажиллаж буй монгол залуучуудын эрх ашгийг хамгаалах, хууль зүйн зөвлөгөө өгөх асуудлууд илүү бодитойгоор шийдэгдэх боломж үүснэ. Энэ ажлууд орхигдсоор ирсэн тул цаашид нэлээд анхаарч ажиллахаар зорьж байна.

-Өмнө нь дадлагажигч ажилтнаар явах хүсэлтээ бүртгүүлсэн иргэд хэрхэх вэ?

-Анх 2016 онд нийт 50 мянган залууг дадлагажигчаар илгээх асуудал яригдсан байдаг. Улмаар тодорхой хүрээнд бүртгэл ч явагдсан. Өмнө нь бүртгүүлсэн иргэд дадлагажигчаар явна гэсэн баталгаа байхгүй. Үүнийг салбарын сайдын хувиар хэлэх ёстой. Ер нь Япон улс дадлагажигч авна гэдгээ л илэрхийлсэн. Ингэхдээ нарийвчилсан тоо, квот ярихгүй байгаа. Сая Япон улсын Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтай уулзахдаа жилдээ хэдэн ажилтан бүртгэх асуудлаар тоо өгч байхыг хүссэн хэдий ч ийм боломж байхгүй гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед ажил олгогчдод хэдий хэмжээний ажиллах хүч хэрэгтэй байна. Тэр хэрэгцээнийх нь дагуу асуудлаа шийдээд явна гэсэн чиг өгсөн байгаа.

-Та дадлагажигчдад тавих шаардлага өндөр болсон гэж дурдлаа.Тухайлсан байдлаар ямар шаардлагууд өндөрссөн бэ?

-Япон Улсын талаас “Техникийн ур чадварын дадлагажигч” нэрийн дор ажиллах хүч авахаа албан ёсоор илэрхийлчихсэн. Харин манай улсад тодорхой ажил эрхэлдэггүй залуус явах сонирхол өндөр байгаа. Ийм ойлголттой байгаа. Гэтэл нөгөө талаас одоо ажиллаж буй,  ажлын байртай байгаа. Гэхдээ ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй залуусыг авна гэсэн шаардлага тавьж байгаа юм. Гол нь тэр залуус эх орондоо ирээд, шууд ажлын байртай. Мэргэжлийн хувьд илүү сайжирсан байна. Яг ийм нөхцлийг Япон Улсын талаас хүсч байгаа юм. Ер нь бид МСҮТ-үүдийн үйл ажиллагаатай дадлагажигч ажилтан илгээх асуудлыг нэлээд сайн уяж өгөх хэрэгтэй байна гэдэг нь эндээс харагдсан. МСҮТ-үүдээ насанд хүрэгчдэд тухайлсан мэргэшил эзэмшүүлэх замаар бэлтгээд, тэднийг дадлагажигчаар илгээх боломж нөхцлийн талаар судалж үзнэ. Нөгөө талаас дотооддоо МСҮТ-д 2.5 жил сурсан залуусыг Япон Улсад дахин мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Танай яамны хувьд Япон Улсын Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай дадлагажигчаас гадна бусад асуудлаар хамтран ажиллах зорилт байгаа юу?  

-Ер нь салбарын сайдтай нь уулзсаных хоёр гол асуудлыг чухалчлан ярьсан. Нэгд, хоёр улсын яам хооронд харилцан ажиллах санамж бичигт гарын үсэг зурах асуудал. Ингэснээр хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгох чиглэлд Япон Улсын туршлагыг судлах, ажиллах хүчнээ тус улсад мэргэшүүлэх сургалтад хамруулахад хамтрах боломж үүсэх юм. Хоёрт, дадлагажигчдаас гадна Япон Улсад ажиллаж, амьдарч, сурч буй залуусын эрх ашгийг хамгаалах шаардлага. Энэ хүрээнд хоёр улсын яамд хамтран ажиллах хэлэлцээр хийх шаардлагатай байгааг хөндөж ярилцсан юм. Уулзалтаар хоёр яамд хамтран ажиллах боломж нөхцлийг судлах нэгдсэн байр сууринд хүрсэн байгаа.

Ж.МЯДАГБАДАМ

ШИНЭ МЭДЭЭ