2018.01.15
Улстөр

МАН-ынхан нууцаар уулзаж, Засгийн газрыг огцруулах талаар ярьсан гэх мэдээлэл худлаа гэв

Зарим мэдээллийн хэрэгслээр МАН-ынхан нууцаар уулзаж, М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Энэ нийтлэлд УИХ-ын нэр бүхий гишүүд уулзаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулах талаар ярилцсан гэж бичсэн. Харин энэ нь үндэслэлгүй гүтгэлэг болохыг УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногийн чуулганы үеэр мэдэгдсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Д.Тэрбишдагва: Манай гэрт ах дүү, хамаатан садан, найз нөхөд байнга бужигнаж байдаг. Хэдэн хүн урьсны төлөө иймэрхүү яриа гаргаж болохгүй. Шинэ жилээр, амралтын өдрүүдээр найз нөхөдтэйгөө нийлж, уул хаданда алхаж, яриа өрнүүлж, хоол унд идэх тохиолдол олон гардаг. Түүнээс биш би хэзээ ч нууц хуйвалдаан хийж байгаагүй. Хэлэх үгээ хэнээс ч айхгүй хэлчихдэг. Засгийн газартай холбоотой таалагдахгүй зүйл байвал би чуулганы хуралдаанд хуралдаанд идэвхтэй оролцож сана, бодлоо илэрхийлж байдаг. Хэнээс шидсэн чулуу вэ гэдгийг мэдэхгүй байна. Худлаа үнэн цуу яриагаа таслан зогсоо, амаа тат гэж хэлье!

Х.Болорчулуун: Ажил хийж байхад алдаа, оноотой зүйл байдаг. Хамгийн сүүлийн үеийн томоохон арга хэмжээ бол Эрдэнэтийн 49 хувийг төрд авсан зоримог шийдвэр гэж бодож байна. Цаашдаа ч хэлсэн ярьсан зүйлдээ хүрч, зоримог алхам хийнэ гэсэн хүлээлт байна. Дахин засаг огцруулах асуудал байж болохгүй. Засаг огцруулж, бужигнуулах хүсэлтэй хүмүүс байна. 

Б.Бат-Эрдэнэ: Санааны зоргоор засаг төрийг бужигнуулах ажил байж болохгүй. 2017 оны хавраас эхлээд зунжин, намаржин улстөрийн хэрүүл тэмцэл дуусахгүй явлаа. Төр засгийн түвшинд сандал суудлаа булаацалдсан байдалтай байж болохгүй. 

А.Сүхбат: Энэ сонголтыг хүндэлж, цааш нь тогтворжуулах хэрэгтэй. Эдийн засгийн байдал ямар байгаа билээ? Улс орон маань өнөөдөр сэхээний тасагт орсон байгаа. ОУВС биднийг нүдээ цавчилгүй харж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэхээний тасагаас гарлаа гэж мэдэгдсэн. Бид хүнд урам хайрлаж сурах, бие биенээ хүндэтгэж сурах тал дээр анхаарах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ