МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.01.18
Эрүүл мэнд

С.Чинзориг: Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулж болохгүй юу?

Өнөөдөр /2017.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа.

С.Чинзориг: Одоогийн мөрдөж байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг багцаар нь санхүүжүүлдэг зарчим мөрдөгдөж байгаа. Д.Дамба-Очир гишүүний ярьж байгаа хуулиар өвчний нэг төрлөөр нь санхүүжүүлдэг асуудал ярьж байна. Энэ нь эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн зарчимтай зөрчилдөхгүй юу? Үүнийг яаж шийдэх вэ? Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл цаашдаа эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн зарчмыг өөрчлөх шаардлагатай болно.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын хуулиар даатгалын сангаас санхүүжүүлэх өвчний нэр төрөл, тусламж үйлчилгээ, санхүүжилтийн хэмжээг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайд, Засгийн газрын гишүүний саналыг үндэслэж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тогтоохоор хуульчилсан. Энэ хуулийн хүрээнд зохицуулж болно гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын хуулиндаа 9.1.4-т хорт хавдрын болон бусад өвчнийг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ багцаас санхүүжнэ гэсэн байна. Энэ заалтаар зохицуулаад явах боломжгүй юу?

Д.Дамба-ОчирЭнэ хууль миний хоёр жилийн хөтөлмөр. Яам сүүлийн үед багц оруулж ирсэн. Хорт хавдартай холбоотой шинжилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалаар шийдэх багц оруулж ирсэн. Би үүнээс өмнө санаачлаад явсан. Мөн хууль тогтоомжийн хуулийн дагуу хэлэлцүүлэг хийж хугацаа алдсан.

Эрүүл мэндийн даатгалаар багцууд нь орж чадаж байна уу, хөрөнгө мөнгийн хувьд боломж байгаа юу гэдгийг Эрүүл мэндийн сайдаас асууж байна. Зөвхөн элэгний асуудлаар 2017 онд “Элэг бүтэн Монгол” гэж төслийг явуулахын тулд улсын төсөвт 23 тэрбум төгрөг тавьсан.

Нэр төрлийн хувьд хорт хавдрын дөрвөн төрлийг л барьсан. Учир нь эрүүл мэндийн даатгал бүгдийг санхүүжүүлж чадахгүй. Монголын иргэдийг бүх төрлийн өвчнөөр үнэгүй шинжлэх хэцүү. Тиймээс энэ удаад зөвхөн дөрвөн төрлийг оруулж ирсэн. Энэ дөрөв бол хорт хавдрын 70-80 хувийг эзэлж байна.

Эрүүл мэндийн яамтай ярьж байгаа. Эрүүл мэндийн сайдтай ч мөн байнгын хороо дээр ярьсан. Эрүүл мэндийн даатгал дээр хорт хавдрын багцыг миний ярьж байгаагаар оруулж, хөрөнгө мөнгийг шийдвэл одоо хэрэгжиж айгаа хуулийн хүрээнд явуулахад болохгүй зүйл байхгүй.

Гэхдээ энэ асуудлыг хуульчилж өгч байж, албадлагын шугамаар шинжилгээ авахгүй бол иргэд саналаараа өгдөггүй.

Хүмүүс тэр болгон эрүүл мэнддээ анхаарч шинжилгээнд ордоггүй. Монголчууд шинжилгээгээ өгч, эрүүл мэндээ анхаардаггүй болохоор л Эрүүл мэндийн даатгалын сан үлдэгдэлтэй гардаг.

ШИНЭ МЭДЭЭ