МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.01.18
Эрүүл мэнд

Ж.Бат-Эрдэнэ: Хорт хавдрын эрт оношилгоог төрөөс зайлшгүй хийх ёстой

Өнөөдөр УИХ-ын чуулганаа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлд Монгол Улсын иргэнийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зохицуулалт бүхий шинэ зүйлийг дараахь байдлаар хуульд нэмж оруулахаар тусгасан байна. Үүнд:

  • 40, түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд  1-2 удаа;
  • 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;
  • 50, түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа хамрагдах юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хуулийн төсөл маш чухал бөгөөд энэ асуудалд төр онцгойлон анхаарах хэрэгтэй гэдгийг онцолсон юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Эрүүл мэнд, боловсролыг төр авч явах ёстой. Ялангуяа бага орлоготой, хөгжил султай улсын хувьд зайлшгүй анхаарах ёстой. Ер нь боловсрол, эрүүл мэнд бол улсын хөгжил, хувь хүний орлоготой шууд холбоотой. Энэ байдлаас болж энэ олон өвчин, хавдар гарч ирж байнаа.

Өнгөрсөн жилээс Булган аймаг элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрыг эрт оношилох ажлыг зохион байгуулж авч байна.

Эхний удаад 2017 онд бид элэг, 2018 онд ходоод, 2019 онд умайн хүзүүний хорт хавдрын эрт оношилгоог хийе гэсэн төлөвлөгөө гаргаад явж байгаа.

Өнгөрсөн жил энэ ажил маш үр дүнтэй болсон. Нийт 12 мянган иргэн хамрагдсан. Энэ ажил аймгаас 30 сая төгрөг, ТББ-ууд өөрсдөө 30 гаруй сая төг гаргаад бүрэн оншилгоо хийсэн. Үүнээс 58 хорт хавдар илэрсэн. Одоо 20 гаруй хүний эмчилгээгээ нь хийгдээд явж байна.

Тэгэхээр энэ эрт оношилгоог төрөөс зайлшгүй хийх ёстой учраас энэ төслийг дэмжиж байна. Цаашид монголчуудын хамгийн өдөр илрэлтэй байдаг хавдрууд дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ