МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: БНЭУ-тай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна
2018.03.22
Гадаад харилцаа

С.Чинзориг: БНЭУ-тай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Суреш Бабуг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, БНЭУ-ын 1,0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил энэ хавраас эхлэх бөгөөд эдийн засгийн өндөр ач холбогдолтой уг төслийг дагаад олон зуун ажлын байр шинээр бий болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тэргүүлэх зорилт болгон тодорхойлсон ядуурлыг бууруулж, бодит орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгаж, ажлын байрыг бий болгоход энэ төсөл үр дүнгээ өгөх нь дамжигггүй хэмээгээд “Хоёр орны хувьд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт амжилттай хамтран ажилласан сайн туршлага бий. Ялангуяа мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хөгжилд Энэтхэг улсын туслалцаа дэмжлэг их. 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн сургалтын орчныг сайжруулах төслийг хоёр үе шаттай амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд тус сургуулийн хэд хэдэн мэргэжлийн анги танхимын сургалтын орчин, тоног төхөөрөмж сайжирч, суралцах хүсэлтэй элсэгчдийн тоо нэмэгдсэн бөгөөд манай талаас төслийг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Мөн багш нарыг сургах, чадавхижуулах, Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаа” гэсэн юм.

Түүнчлэн БНЭУ-тай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих ялангуяа тэдэнтэй ажиллах хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхийн хамт хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар товч мэдээлэл өгсөн.

Элчин сайд Суреш Бабу манай хоёр орны хувьд хүн амын тооны л ялгаа байгаагаас нийгмийн тулгамдсан асуудал, бэрхшээл хүндрэлийн хувьд адилхан гээд “Бидэнд ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлд сүүлийн 70 жилийн хугацаанд хуримтлуулсан  баялаг туршлага бий. Манай Засгийн газраас ч энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд мэргэжлийн боловсрол, сургалтын салбар чадварлаг мэргэжилтэн бэлтгэх туршлагаасаа та бүхэнтэй хуваалцахад бэлэн. Хувиараа хөдөлмөр эрхлэх, өөрөө өөртөө ажлын байр бий болгохыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж тодорхой амжилтанд хүрч буй бөгөөд энэ бүгдийг нүдээр үзэж танилцах боломжийг танай багш, мэргэжилтнүүдэд олгоход дэмжлэг үзүүлж болно” хэмээсэн юм. Түүнчлэн ирэх сард БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлах бөгөөд энэ удаа Монголоос 150 хүн сургахаар болсны дотор мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, мэргэжилтнүүд хамрагдах боломж их байгааг Элчин сайд дуулгасан.

Тэрбээр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежид хэрэгжүүлсэн төсөл, оруулсан хөрөнгө оруулалтын бодит үр дүнг тус сургуулийн бэлтгэсэн боловсон хүчний ур чадварыг ажил олгогч үнэлж, хөдөлмөрийн зах зээлд хэр үнэтэй мэргэжилтэн болж чадаж байгаагаар тодорхойлно гэдгийг хэлж байлаа. Нэг үгээр ҮУПК гэдэг сургууль өөрөө брэнд, төгсгөсөн мэргэжилтэн нь брэнд байлгахын төлөө цаашдын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд анхаарах боломжтой гэсэн юм. Үүний тулд сургуулийн удирдлагыг Элчин сайдын яамтай илүү ойр дотно ажиллаж, илүү нарийн мэдээллээр хангах ёстой гэдгийг хэлж байсан.

Хоёр улсын хооронд 1955 онд дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа эдийн засаг, улс төр, нийгмийн бүхий л хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Энэтхэгт 800 гаруй монгол, Монголд 200 орчим энэтхэг хүн оршин сууж, 760 монгол залуус сурч буй юм.

ШИНЭ МЭДЭЭ