БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг барина
СХД-т шинэ сургууль баригдана
2018.03.29
Орон нутгийн хөгжил

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг барина

БСШУСЯ-аас гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2019-2020 оны хичээлийн жилд бүрэн хэмжээгээр хоёр ээлжид шилжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 142 цэцэрлэг, 97 сургууль барихаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын нэг хэсэг болох БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах долоон сургууль, нэг цэцэрлэг барих төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин тэрүүтэй албаныхан мөн төслийн гүйцэтгэгчээр сонгогдсон “Бээжин констракшн” компанийн төлөөлөл оролцож, “Баянхошуу” уулын хормойд шинээр баригдах сургуулийн барилгын шавыг тавьж, газар хөндөх ёслол үйлдлээ.

Төсөл гурван үе шаттай хэрэгжинэ.

Нэгдүгээр ээлжинд:
  • Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга
  • Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга 

Хоёрдугаар ээлжинд: 

  • Баянгол дүүргийн 3 зугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга
  • Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга
  • Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 640 хүүхдийн сургуулийн барилга тус тус баригдана. 

Нэг,хоёрдугаар ээлжийн төслийн нийт төсөвт өртөг 150 орчим сая юань. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин констракшн” компани жилийн дотор сургуулийн байрыг барьж, ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаагаа онцлон хэлсэн. Ингэснээр тус шинэ сургууль Сонгинохайрхан дүүргийн анхны Кембрижийн сургалттай сургууль болох юм. Төслийн гуравдугаар шатыг ирэх 05 дугаар сард эхлүүлж, яаравчлуулахаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин амаллаа. 

БСШУСЯ 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 гаруй төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллахаас нийслэл, орон нутаг, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 60 гаруй хувийг нь шилжүүлэн ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ