МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол­ Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан эхэллээ
2018.03.30
Гадаад харилцаа

Монгол­ Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан эхэллээ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол­Казахстаны Засгийн газар хоорондын долдугаар хуралдаан Казахстаны нийслэлд өнөөдөр эхэллээ. Астана хотноо эхэлсэн хуралдаанд Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэргүүтэй Ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын төлөөлөгчид оролцож буй юм.

Хоёр жил тутам болох ёстой ч 2014 оноос хойш хуралдаж чадаагүй байсан Засгийн газар хоорондын комисс энэ удаа хоёр орны худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдааныг нээж хоёр талын комиссыг тэргүүлж ажилладаг сайд нар үг хэллээ.

Комиссын Монголын  хэсгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Өнгөрсөн жил бид Монгол­Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байна. Хоёр орны хамтын ажиллагааны чухал механизм болсон Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд манай Засгийн газар өндөр ач холбогдол өгч ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын хоёр ч гишүүн оролцож буй явдал юм” хэмээгээд 2014 онд болсон зургадугаар хуралдаанаас хойш хоёр орны харилцаанд олон чухал үйл явдал болсныг онцлов. Хоёр талын харилцааг бүх чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд улс төрийн харилцаа чухал ач холбогдолтой бөгөөд цаашид хоёр улсын хоорондын дээд болон өндөр түвшний уулзалт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, холбогдох яам, газруудын харилцааг холбоог өргөжүүлэхэд анхаарах учиртайг мөн хэллээ.

Казахстаны талын комиссыг тус улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд Мадина Ерасыловна Абылкасымова тэргүүлдэг. Тэрбээр хуралдааныг нээж хэлсэн үгэндээ хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чиглэсэн олон чухал асуудлыг энэ удаагийн хуралдаанаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд хуралдаанд амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ