2018.05.17
Эдийн засаг, Худалдаа
Ё.Баатарбилэг: Шалгуур үзүүлэлтэн дээрх борлуулалтын орлуулалтыг хэрхэн тооцсон бэ?
Өнөөдрийн (2018.05.17/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахдаа, 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан. Эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг дурдсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж ирсний үр дүнгийн талаарх тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
2016 онд 120 мянган аж ахуй нэгж байж байгаад 60 мянга нь дампуурсан гэж байсан. Эргээд сэргэж байгаа юм байна. Энэ салбарт төрийн бодлого, зохицуулалт хэрэгтэй. Жишээ нь Архангай аймгаас жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагаас санал ирэхэд ихэнх нь худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага орж ирсэн. Энэ ангилал дээр борлуулалт хүний тоог гаргасан тооцооллыг яаж гаргасан бэ? Малчдын асуудал байна. Өөрсдөө үйлдвэрлэгчид болдог.Хуулинд зохицуулалт оруулж болох уу? Монголд байгаа 130 мянга гаруй аж ахуй нэгжийн хэдэн хувь нь үйлдвэрлэл эрхэлж, хэдэн хувь нь үйлчилгээ эрхэлж байна вэ?
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Малчид хувь хүн гэдэг талаасаа ороогүй. Харин хоршоо байгуулаад төрийн дэмжлэгийг аваад явах бүрэн боломжтой. Борлуулалтын үнэн дээр асуудал байгаа. Хууль бол ажлын байрыг илүүтэйгээр харж байгаа. Олон хүнийг ажлын байраар хангах зорилготой.