МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.05.18
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр:Томоохон төслүүдийн хэрэгцээт зүйлийг Монголдоо үйлдвэрлэдэг болмоор байна

Өнөөдрийн (2018.05.18/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахдаа, 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан. Эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг дурдсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж ирсний үр дүнгийн талаарх тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ хууль маш энгийн бичигдсэн. Гэхдээ засаж, залруулах зүйл бий. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж болно. Гол нь үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн борлогдох баталгаа байдаггүй. Импортоос хэт хамааралтай үйлдвэрийг дэмжих боломжгүй. Одоо ажиллаж байгаа томоохон төслүүдийн хэрэгцээт зүйлийг Монголдоо үйлдвэрлэдэг болмоор байна. Бодлогоо тодорхой гаргаад, болж байгаа үйл явдалдаа сайн судалгаа хийх хэрэгтэй. Татварт ногдох орлого 2,5 тэрбум гэж байна эргэж хараарай.Хуулийн өөрчлөлттэй уялдуулаарай.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Зөвхөн 2,5 тэрбум борлуулалтын орлого, Харин татварын орлого биш шүү. Борлуулалтыг яаж дэмжих вэ? гэдэг дээр хүн бүр толгойгоо ажиллуулж байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ хурдан явуулах шаардлага байна. Тэгж байж дагаад жижиг, дунд үйлдвэрлэл өснө. Гэхдээ хүлээж суухгүй. Томоохон төсөл хөтөлбөрүүд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс 5 хувийн бараа бүтээгдэхүүнээ авах гэж орсон байгаа. Гэх мэт зохицуулалт энэ хуулинд орсон.

ШИНЭ МЭДЭЭ