МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Инфляцийн түвшинтэй уялдуулан цалингаа нэмнэ
2018.05.18
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Инфляцийн түвшинтэй уялдуулан цалингаа нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой эмч, багш тэргүүтэй төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх асуудлаар тодруулга авлаа. 

-Эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж байгаа. Энэ асуудалд Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авах уу?

-2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэхгүй гэх шийдвэр гарсан. Мөн ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа төрийн албаны шатлалыг ахиулахгүй байх, зэрэг дэв нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Гэхдээ манай Засгийн газар үйлдвэрчний эвлэлийн байгуулгуудтай хамтарч ажиллаж байгаа. Ингээд бид 2017, 2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд, Засгийн газар хоёр үүрэг хүлээсэн.

Нэгд, Амьжиргааны төвшний өөрчлөлтэй уялдуулаад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээр хийх үүрэг авсан. Хоёрт, 2018 оны хоёрдугаар улиралд багтааж төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр хийх үүргийг хүлээсэн. Засгийн газар энэ хоёр үүргээ хоёуланг нь биелүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр ОУВС-ийн төлөөлөлтэй уулзах үедээ, “2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй, иргэдийн худалдан авах чадвар унаж байна. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага байна” гэж хэлсэн. 

Үүний үр дүнд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаагаад төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан  нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхгүй гэж ОУВС-тай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулахаар болсон. Мөн 2018 оны хоёрдугаар улиралд багтаан цалинг нэмэгдүүлэх хэлэлцээр байгуулах үүргийнхээ дагуу хэлэлцээр хийгээд явж байна.

-Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэл цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Тэдний цалинг инфляцтай уялдуулахгүйгээр тодорхой хувиар нэмэх боломж байхгүй юу?

-Инфляцтай уялдуулахгүй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Өөрөөр хэлбэл цалин нэмсэн нь сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй. Тиймээс инфляцийн төвшингөөс давуулан нэмэх боломжгүй. Улс орны төсөв санхүүгийн байдал ямар байгааг бид сайн мэднэ. Монгол Улсын төсөв зарлага 7 их наяд төгрөг. Энэ 7 их наядын 1.7 их наяд нь цалингийн сан байна. 1.9 их наяд нь Нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа өндөр настны тэтгэвэр, 2.3 их наяд нь гадаад улс оронд төлж байгаа зээл, зээлийн хүү. 500 орчим тэрбум төгрөг нь халамжийн сангийн зардал юм. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг огцом 50 хувиар нэмэх боломж байхгүйӨнгөрсөн жил улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт байгуулахдаа төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай хэлэлцээр хийж, цалинг тодорхой хэмжээгээр нэмэх үүрэг авсан. Гурван тал гурвуулаа гарын үсэг зурсан. Тэгэхээр одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд байгуулсан нэмэлт хэлэлцээрээсээ давсан шаардлага тавьж байгааг гайхаж байна. 

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай хэлэлцээр хийж ажиллана гэсэн үүргийг авч гурван тал гарын үсэг зурж, Засгийн газарт өгсөн. Энэ үүргээ Засгийн газар биелүүлж, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй царцаана гэсэн хөтөлбөртөө өөрчлөлт оруулан инфляцийн түвшинтэй уялдуулан цалингаа нэмэхээр боллоо. 

-Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 20 хувиар нэмэгдүүлэхдээ санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?

-Засгийн газраас эдийн засгийн боломжтой уялдуулаад хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно гэж төсөвт тусгасан. Одоогоор 684 мянган хүүхдэд олгож байна. Нэмж 20 хувьд нь олгохын тулд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад байгаа Нийгмийн халамжийн нэмэлт хөтөлбөр гэж төсөвт тусгасан 41 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Цаашид хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт бий. Тиймээс 2019,2020 онд Засгийн газрынха мөрийн хөтөлбөрийг хангаж ажиллах зорилт тавиад байгаа.

- Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 20 хувиар нэмэгдүүлэхдээ өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааг дахин хийх юм уу?

-2013, 2015, 2017 онуудад өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааг хийсэн. Энэ судалгаан дээр үндэслээд хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмчих боломжтой.  Харин хүссэн бүх хүүхдэд мөнгө өгөх боломжгүй. Төсөв, хөрөнгөний хувьд боломжгүй байгаа юм. Одоо УИХ-аар нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох асуудлыг хэлэлцэж байна. Батлагдвал олгоод явна. Өмнө нь бүх хүүхдэд мөнгө олгож байх үед  5-6 хувь нь л мөнгөө авдаггүй байсан байна лээ. Харин 95 орчим хувь нь хүүхдийнхээ мөнгийг авч байсан. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгнө гэвэл цаана нь 15 орчим хувийн хүүхэд нэмэгдэж түүнийгээ дагаад санхүүжилт босгох шаардлага үүснэ. Тиймээс нийт хүүхдийнхээ 80 хувьд нь мөнгө олгое. Гэхдээ 80 хувь дотроо өргөдлөө өгсөн айлын хүүхдэд мөнгөө авна.

-Ирэх онд бүх хүүхдэд мөнгө олгох төсөв, санхүүгийн боломж бий юу?

-Ирэх онд 80 хувьд нь олгох асуудлыг төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгаад явж байна. Улс орны төсөв, санхүүгийн байдал сайжирвал хүүхэд бүрт өгнө гэсэн зорилтыг хангаж ажиллана. Наймдугаар сард Олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад ирж ажиллана. Ажлын хэсэг хүүхдүүдийн мөнгийг 20 хувиар нэмэх үү, үгүй юу гэдэг асуудлыг эцэслэн хэлэлцэнэ гэсэн чиглэл барьж ажиллаж байна.

Г.ИТГЭЛ 

ШИНЭ МЭДЭЭ