Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоол батлагдлаа
2018.06.05
Эдийн засаг, Худалдаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоол батлагдлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.05) хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг Байнгын хороонд сонсгох бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.

Тэрбээр ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд нар ажиллажээ.

Тус ажлын хэсэг Монголбанкны танилцуулга мэдээллийг сонсон, удирдлагын зөвлөл болон газар, хэлтсийн дарга нартай уулзахын зэрэгцээ Монголын банкуудын холбоо, Монголбанкны Хяналтын зөвлөлтэй тус тус уулзалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг дэмжих замаар ажлын байр болон иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангаж ажиллах, Монголбанк-Засгийн газрын хамтын ажиллагааг сайжруулах, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн үр дүнд үүссэн өр, зээлийн үлдэгдлийг эдийн засагт дарамт учруулахгүй байдлаа шийдвэрлэх зэрэг саналыг тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн “Чиглэл өгөх тухай” тус тогтоолын төсөлд гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэгж жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгах арга хэмжээ авах, У ИХ-ын 2017 оны 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар тусгасан байна.

Үүний зэрэгцээ санхүүгийн салбарын эрсдлийг бууруулах арга хэмжээний хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийг бий болгох, валютын нөөц зохицуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төслүүдийг 2018 оны намрын ээлжит чуулганд багтаан УИХ- өргөн мэдүүлэх, “Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчныг бүрдүүлэх талаар чиглэл өгөх тухай” Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахыг Монголдбанкинд чиглэл болгожээ. 

Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Дефолт зарлах эрсдэлтэй нөхцөлд тулаад байсан үед Монголбанк хангалттай сайн ажилласан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нар тэмдэглээд эдийн засгийн өсөлтийг аж ахуйн нэгж, айл өрх, иргэн бүрт хүргэх, эдийн засгийг тэлэх бодлогыг Төв банкнаас хэрэгжүүлэн аж ахуйн нэгжүүд, бизнесийг дэмжих шаардлага бий гэдгийг хэлж байв. Ирээдүйд учирч болох эрсдлээс сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх нь зөв хэдий ч өнөөдрийг орхигдуулж болохгүй, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих шаардлага бий гэдгийг сануулсан.

Харин эдийн засгийн хөгжил бол циклээр үргэлжилдэг тул ирээдүйн нөхцлийг урьдчилан тооцож, эрсдлээс сэргийлэх зорилгоор гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, хуримтлал үүсгэх чиглэлээр Монголбанк ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр илэрхийлээд цаашид Монголбанк, Сангийн яамны уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлага бий гэдгийг хэлсэн. БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн дүнд үүссэн өр, зээлийн асуудал болон иргэдийн хэрэглээний зээлийн өсөлтөд анхаарал хандуулж, бодлогын арга хэмжээг Засгийн газар, Монголбанк авч хэрэгжүүлж ажиллахад онцгой анхаарах шаардлагатайг хэлсэн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг онцолсон бол гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын санхүүгийн гүйлгээг Монгол Улс дахь банк, санхүүгийн байгууллагаар дамжуулах асуудалд тал бүрээс анхаарал хандуулж, ажил хэрэг болгох саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд нар хэлж байв.

Аливаа улс орны Төв банк нь Засгийн газар болон арилжааны банкуудтай л харилцдаг жишиг байдаг хэдий ч Монголын нөхцөл, онцлогт тохируулан тодорхой зохицуулалт хийх боломжийн талаар Н.Баяртсайхан ерөнхийлөгч хариулт өгсөн. Их хэмжээний валютын орлоготой зарим аж ахуйн нэгжийн дансыг Монголбанкин дээр байршуулах, үүний тулд хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай юм байна. Харин энэ талаарх зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулаад хууль санаачлагчид хүргүүлээд байгаа гэв. 

Монголбанк өнгөрсөн хугацаанд бодлогын хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүн гарч байгаа хэдий ч өнгөрсөн хугацаанд үүссэн шиг гадаад, дотоодын нөлөөлөлтэй эдийн засгийн хүндрэл үүсэхгүй гэх баталгаа байхгүй учраас валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч тайлбарласан.

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолд гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй байх ёстой талаар заасан байдаг бөгөөд өнөөгийн нөхцөлд 6-7 тэрбум ам.долларт хүргэх шаардлага бий гэдгийг хэлсэн юм. Гишүүдийн тодруулсны дагуу ажлын хэсгээс Монгол Улсын гадаад өрийн дэлгэрэнгүй мэдээлэл, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт хүргэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мөнгөний нийлүүлэлтийн нөхцөл байдал, иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт, түүнээс үүдэх эрсдлийн талаарх таамаг зэрэг асуудлуудаар мэдээлэл өгсөн.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан олборлосон алтаа дотооддоо цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, алтны экспортыг зогсоох чиглэлээр санаачилгатай ажиллах, ингэж чадвал үндэсний аюулгүй байдалд болон нөөцийн аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой гэдгийг онцолж, холбогдох тодруулгыг хийсэн юм. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа мэдээллийг сонсох явцад гишүүдээс төсөлтэй холбоотойгоор гаргасан саналыг тусган “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжснээр тогтоол батлагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ