Б.Дэлгэрсайхан: Эдийн засаг цусны эргэлтгүй болчихлоо
2018.06.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Дэлгэрсайхан: Эдийн засаг цусны эргэлтгүй болчихлоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан.

Хуралдааны эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийсэн юм.

Хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэх нөхцөл бүрдсэн. Ингэснээр гадаадын өр зээлийг төлөх боломж бүрдлээ. Гадаад валют 3 тэрбум ам.доллар буюу 2013 оны дунд үеийн түвшинд хүртэл хуримтлагдлаа. Энэ нь эдийн засгийн хүнрдэлийг даван туулах, санхүүгийн нөөц бүрдүүлэх нөхцөл бүрдсэн. Санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээнүүд хийгдэж эхэллээ. Эдийн засгийн нөхцөл байдал эмзэг хэвээр байна. Банк санхүүгийн салбарт зээлийн эрсдэл буураагүй байна. Эдийн засгийн дунд хугацааны төлвөөр 2020-2024 онд төлөгдөх гадаад төлбөрийн санхүүгийн нөөцийг одооноос эхлэн хуримтлуулах хэрэгтэй.

 “Чингис” бондоос гадна өнгөрсөн жил гаргасан  “Хуралдай”, Гэрэгэ” бонд, Хятадын Ардын банкнаас гаргасан своп хэлэлцэлийн зээлийн эргэн төлөлт  эдгээр он жилүүдэд төлөгдөнө. Мөн ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж дууссанаар донор орнуудын хөнгөлөлттэй зээлийн нөхцөл  дуусгавар болж, уул уурхайн салбарт Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт төгсгөлийн шатанд орно. Ийм нөхцөл байдалд эдийн засгийн өсөлт, төсөв болон төлбөрийн тэнцлийн санхүүжилтийг  голлон тэтгэж байгаа дээр дурдсан хүчин зүйлс нэгэн зэрэг зогсох эрсдэл байгаа. Тиймээс хуримтлалаа одооноос бэлтгэх хэрэгтэй. Манай эдийн засгийн эмзэг байдлын гол шалтгаан уул уурхайн салбараас хэт хамааралтай. Тиймээс томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шаардлагатай санхүүжилтийг гадаад зах зээлээс авах шаардлагатай боллоо” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Монголбанк эдийн засаг тэлэх талаар цаашдаа ямар бодлого баримтлах вэ? Эдийн засаг цусны эргэлтгүй болчихлоо. Банк бус санхүүгийн байгууллага банкинд хадгалж байсан хүүнээс өндөр хүү амлаж байна. Энэ нь эргээд эрсдэл үүсэх вий. Бидэнд  гашуун сургамж бий. Ипотекийн зээлийг хэзээ яаж олгох вэ?” гэсэн асуулт тавьсан бол Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Гадаадын банкууд Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдахаар Монгол Улсын банк санхүүгийн салбарт орж ирж ажиллах нөхцөл бүрдэнэ.

Гурван тэрбум ам.долларыг зарим хүмүүс их мөнгө гэж бодоод байна. Энэ их мөнгө биш. Яагаад гэвэл Үндэсний аюулгүй байдлын  үзэл баримтлал дээр асуудал дээр нэг жилийн импорттой тэнцэнх нөөцийг дор хаяж  хадгалж байх ёстой гээд заачихсан. Энэ нь 6-7 тэрбум ам.доллар юм.  Аль ч орны төв банк эдийн засгийн чухал байгууллага биш боловч дангаар шийдэх хүч хүрдэггүй. Үнийн,санхүүгийн тогтвортой байдлыг хадгалж, валютын нөөцийг бүрдүүлэх зорилгоо биелүүлдэг” гэсэн хариулт өглөө.

Г.ИТГЭЛ

ШИНЭ МЭДЭЭ