Сонгинохайрханчууд Хайлаар хотод бараа бүтээгдэхүүнээ худалдаалах төвтэй болсон
2018.06.21
Гадаад харилцаа

Сонгинохайрханчууд Хайлаар хотод бараа бүтээгдэхүүнээ худалдаалах төвтэй болсон

УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас Сонгинохайрхан дүүргийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Хайлаар хотод худалдааны төвтэй болж байгаа талаар тодрууллаа.

-Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид Өвөр Монголын Хайлаар хотод өөрийн гэсэн худалдааны төвтэй болсон гэх мэдээлэл байна. Та энэ талаар тодруулаач?

-Тиймээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд 10 гаруй жил болж байна. Хамтын ажиллагааны хүрээнд бид ард иргэдийнхээ амьдрал ахуйд дэм болчихоор ямар ажлуудыг хийж болох талаар ярилцаад, ер нь Хайлаар хотод Монголын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг, тэр бүү хэл өөрсдөө худалдан борлуулдаг худалдааны төвтэй байж болох юм гэдэг дээр санал нэгдсэн. Ингээд 2016 оны 7 дугаар сард Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдааны үеэр “Сонгинохайрханд үйлдвэрлэв” төвийг Хайлаар хотод ажиллуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан маань ийнхүү бодит ажил болж байна.

-Тус бүс нутагт Монголын ямар ямар бараа бүтээгдэхүүн илүү эрэлттэй байдаг юм бол оо. Худалдан авагч ихтэй байх нь чухал байх л даа?

-Ер нь манай улсын бараа, бүтээгдэхүүн нэлээд эрэлттэй байдаг судалгаа, практик байна л даа. Тэр тусмаа тус бүс нутаг бол нэлээд сэрүүн, хүйтэвтэр цаг агаартай учраас ноос ноосон бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өндөр юм билээ. Түүнчлэн арьс, шир, эсгий урлалын бүтээгдэхүүнүүдийг ихэд сонирхон худалдан авдаг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань ноос ноосон бүтээгдэхүүн, арьс шир, эсгий урлалын бүтээгдэхүүн болон бусад нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ худалдан борлуулах боломж бүрдэж байгаа юм.

-Татвараас хөнгөлнө гэж дууллаа?

-Ирэх наймдугаар сарын 1-нээс Алтан эмээлт дэх хилийн чөлөөт бүсэд худалдаа эрхлэх худалдаачдын бараа, бүтээгдэхүүнийг гаалийн тарифаас бүрэн чөлөөлж байгаа юм. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгчид маань энэ хөнгөлөлтийг эдэлнэ гэсэн үг. Хайлаар хотоос гадна Алтан эмээлтийн чөлөөт бүсэд мөн дэлгүүртэй болж байгаа.

-Сонгинохайрхан дүүргээс хэчнээн үйлдвэрлэгч дэлгүүрээр бараа бүтэгдэхүүнээ борлуулах вэ? Ер нь танай дүүрэгт энэ төрлийн үйлдвэрлэгчид хэр олон байдаг вэ?

-Бид “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” гэсэн төрийн бус байгууллага байгуулан 1000 орчим үйлдвэрлэгчийг нэгтгээд байна. Тус холбоог байгуулснаар өмнө нь энд тэнд, ганц хоёроороо үйлдвэрлэл явуулж, зах зээлд яаж гаргах, худалдаалах талаар мэдээлэлгүй байсан асуудлыг цэгцэлсэн гэж ойлгож байгаа. Холбоо байгуулагдсанаар үйлдвэрлэгчид маань хоорондоо нэгдэн нягтарч, өргөжин, ирэх жилээс 100 оёдлын машинтай үйлдвэр нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн оёмол, сүлжмэл ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийг ирэх онд нээхээр төлөвлөөд байгаа.

ШИНЭ МЭДЭЭ