Х.Нямбаатар: Чөлөөт бүсэд худалдаа эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлнө
2018.06.25
Гадаад харилцаа

Х.Нямбаатар: Чөлөөт бүсэд худалдаа эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлнө

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар БНХАУ-ын Хайлаар хотод зохион байгуулагдсан гурван улсын үзэсгэлэнд оролцоод иржээ. Түүнээс явсан ажлынх нь талаар тодрууллаа.

-Ямар ажлаар БНХАУ-ыг зориод ирэв?

-Сонгинохайрхан дүүрэг БНХАУ-ын Хайлаар хоттой хамтын ажиллагаа тогтоогоод 10 гаруй жил болж байна. Жил бүр тасралтгүй зохион байгуулдаг гурван улсын үзэсгэлэн худалдаанд Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгчид, бараа, бүтээгдэхүүнээ борлуулдаг уламжлал тогтсон. Үүнд оролцоод ирлээ. Манай үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн Зүүн хойд Хятадын хүйтэн бүс нутагт ихэд таашаагдаж байгаа.

Үйлдвэрлэгчид зохион байгуулалтад орж жилээс жилд өрхийн үйлдвэрлэгчээс үйлдвэрлэгч  болох шат руу ахиж байна. Бид энэ жил Хайлаар, Алтан эмээлтийн чөлөөт бүсэд дэлгүүр нээж байгаа. Тус дэлгүүрээр Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгчдийн ноос, ноосон бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, эсгий урлалын бүтээгдэхүүн болон бусад нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн борлуулна. Наймдугаар сарын 1-нээс Алтан эмээл  дэх хилийн чөлөөт бүсэд худалдаа эрхлэх худалдаачдын бараа, бүтээгдэхүүнийг гаалийн тарифаас бүрэн чөлөөлөх юм.

-Цаашид яаж ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-“Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ юм. Би тэргүүлж ажилладаг. Нийт 1000 орчим гишүүнтэй байнгын үйл ажиллагаатай. Холбооны гишүүд анх  тус тусдаа өрхийн үйлдвэрлэгч байсан. Харин одоо нийлж үйлдвэрлэгчид болж өргөжиж байгаа. Бид ирэх онд 100 оёдлын машинтай үйлдвэр нээнэ. Мөн оёмол, сүлжмэл ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийг ирэх онд нээхээр төлөвлөсөн. Үүний хажуугаар үйл ажиллагаагаа тэлэх үүднээс гурван сарын хугацаатай сэтгэл зүй, олон нийтийн харилцааны чиглэлээр тодорхой тооны хүмүүсийг бэлтгэнэ.

Ц.Цэц

ШИНЭ МЭДЭЭ