Б.Дэлгэрсайхан: АН-ынхан намайг дээрэмдэхийн тулд Ганц худагт хорьсон
2018.07.10
Улстөр

Б.Дэлгэрсайхан: АН-ынхан намайг дээрэмдэхийн тулд Ганц худагт хорьсон

Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр мөрөөрөө бизнес хийж явтал улс төрийн эрх мэдэлтнүүд хавчиж, хорьж эхэлсэн тул улс төрд орохоос өөр арга байсангүй хэмээн ний нуугүй ярив. Дорноговь аймагт ураны эсрэг нутгийн иргэдийн жагсаал болох гэж байсныг Б.Дэлгэрсайхан гишүүн мөнгө өгч зогсоосон гэх асуудал болоод УИХ-ын дарга М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ нарыг хооронд нь эвлэрүүлэх их ажлыг хийж байгаа, “УБ төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, АТГ-ын дарга Х.Энхжаргал нартай холбоотой асуудлаар ярилцсан юм.

Дорноговь аймагт 7 дугаар сарын 1-ны өдөр иргэдийн зүгээс “Ураны хор хөнөөлийн эсрэг” тэмцэл жагсаал цуглаан өрнөх гэж байсныг таныг таслан зогсоосон гэв. Үүнийг зогсоох таньд ямар ашиг сонирхол байсан юм бэ?

-Би тийм жагсаал цуглаан болох гэж байгааг мэдээгүй байсан. Хэн очиж жагсах нь тэр хүмүүсийн эрхийн асуудал ш дээ. Би тэр хүмүүсийг жагсахийг боль гэж гуйх ч шаардлагагүй.

-Жагсаалийг зохион байгуулахыг болиулахын тулд, таныг бусдад мөнгө өгсөн гэх юм.

Хэнд ч би мөнгө өгөх шаардлагагүй. Угаасаа ч би уран олборлолтын эсрэг байр суурьтай хүн. Францын “Арева” компани нэрээ солиод “Бадрах энержи” ХХК нэртэй болсон байна лээ. Би энэ компанийнханд зориулж  “... та нар энэ нутагт дураараа үйл ажиллагаа явуулахгүй ээ..” гэж хэлсэн удаатай. Тиймээс ч аймгийн засаг дарга хамтран ажиллах гэрээ хийгээгүй. “... Та нар үнэхээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тэр ураны эсрэг тэмцэл хийж байгаа хүмүүстэй учир зүйгээ олж ир ээ..” гэдэг шаардлага тавьсан. Ер нь нутгийн иргэдийн олонхи нь уран олборлолтын эсрэг байдаг юм билээ.

-2018.07.01-ны өдрөөс эхлэн “Бадрах энержи” ХХК албан ёсоор уран олборлож эхлэх гэж байгаа талаар яригдсан. Та Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хамтаар уг компанид очсон талаараа..

Тиймээ би Дорноговь аймгаас сонгогдсон гишүүний хувьд сайдыг 6 дугаар сарын эхээр дагаж тийш очсон. Тухайн үед туршилтийн үйлдвэр гээд танилцуулж байна лээ.  Анх удаа л очиж байгаа минь тэр. Сайд л ажлынхаа шугамаар компанийн удирдлагуудтай уулзсан болохоос би уулзаагүй. Яриа хөөрөөнд нь ч ороогүй ээ.

-Таньд цөмийн туршилтын, олборлолтын мэдээлэл байхгүй гэж үү? энэ чинь таны тойрог шүү дээ.

“Арева” ХХК чинь гурван “А” лицензтэй юм билээ. Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг ганц “Арева” гэлтгүй бүхий л компаниудыг би хэн нь “А” лицензтэйв, хэн нь хайгуулын лицензтэй гэдгийг  бүгдийг нь толгой дараалан нэрлэж мэднэ. Яагаад гэвэл Дорноговь бол хамгийн их лицензтэй аймаг. Тиймээс хяналттай болгож лицензийг нь багасгахгүй бол 2008-2016 оны хооронд лицензийн тоог гурав дахин өсгөсөн.  Энэ бохир ажлыг хийсэн тэр эздүүд нь ч байгаа. Би одоо ч тэр эздүүдтэй нь хариуцлага тооцно гээд бичиг цаасыг нь өгөх ёстой газарт нь өгсөн. “Арева” ХХК-д 2016.06.28-ны өдөр буюу УИХ болон орон нутгийн сонгуулиас 2 хоногийн дараа Д.Ганхуяг /аймгийн дарга асан/ аймгаас зөвшөөрөл өгөөд, Д.Үүрийнтуяа гэх тухайн үеийн Ашигт малтмалын газрын дэд дарга “А лицензийг олгосон байдаг.

-Танийг Дорноговь аймагт ажиллаж байгаа уул уурхайн компаниудаас “Хөгжлийн сан” гэх байгууллагаараа дамжуулан татаас авдаг гэх юм. Өнгөрсөн 2017 ондл гэхэд нэг компаниас 700 сая төгрөг авсан тухай эх сурвалж хэлж байна л даа.

Би өөрөө уул уурхайн бизнес хийдэг хүн. Сэлэнгэ аймагт жил бүр 1-2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө болоод материаллаг тусламж үзүүлдэг. Намайг 2016 онд Дорноговь аймагт сонгогдоод очиход бүхий л уул уурхайн компаниуд нэг ч зам тавиагүй, нэг ч татвараа төлөөгүйгээр ажиллаж ирсэн. Тэр бүү хэл компани нь Улаанбаатар хотод бүртгэлтэй, аймагт татвар төлдөггүй, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангадаггүй байлаа. Тиймээс аймгийн засаг дарга болоод аймгийн удирдлагууд бид нийлж 2016, 2017 онуудад дарааллан уул уурхайн зөвлөгөөн зохиосон.  Зөвлөгөөнөөр нийгмийн хариуцлагын хүрээнд замаа зас, татвараа аймагт төл, аймаг руу компаниа шилжүүлж ир, аймгаас ажилчид ав гэдэг шаардлагуудыг тавьсан. Үүний хүрээнд тэдгээр компаниуд аймагтай нийгмийн хариуцлагын гэрээ хийсэн. Уг гэрээгээ надтай биш аймгийн засаг даргатай хий гэсэн шаардлагыг миний зүгээс тавьсан. Тиймээс ганц “Цайрт минерал” ХХК нь ч татаас өгдөг юм биш. Дорноговьт үйл ажиллагаа явуулдаг бүхий л компаниуд өгдөг. Төлөх ч ёстой. Ер нь бол Дорноговь аймаг хайгуулийн 416 лиценз, ашиглалтын 157 лицензтэй газар.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Дорноговь аймгийн уул уурхайн компанийн захирлууд “Дорноговь Их хөгжил сан” –д “татаас” өгөх ёстой

-Аймгийн мал эмнэлэг, сургуулиуд тэрхүү татаасын мөнгөөр ажилладаг юм уу? Тэгэхээр санхүүжүүлэгчийн хараат болно шүү дээ. Үгээ хэлж эсэргүүцэхгүй болно шүү дээ.

Тэр мөнгө аймгийн хэмжээний бүхий л салбарт очиж байгаа. “Дорноговь Их хөгжил сан” гэж байгаа. Түүнд компаниудын захирлууд өөрсдөө ТУЗ-ийн гишүүд болж оролцоод аймгийн Иргэдийн хурлын  төлөөлөгч, хуульч О.Батжаргал гэж нөхөр гүйцэтгэх захиралыг нь хийж аймгаас гадна үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүн л мөнгө санхүүгийн хүсэлтийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын санхүүжүүлэлтүүдийг зохицуулдаг болохоос биш компаниуд шууд л Б.Дэлгэрсайхан болон аймгийн засаг даргад нэг төгрөг ч өгдөггүй. Данс нь шилэн юм чинь очоод үзчихгүй юу даа. Тэр “Цайрт минерал” ХХК хэдэн төгрөг аймгийн хөгжлийн санд өгсөн биш харин өөрсдөө очиж талбайгаа засаж байгаа. Ер нь бол энэ уул уурхайн компаниудын зарим нь мөнгөөр, хэсэг бүлэг нь өөрсдөө эд баялаг бүтээн байгуулах замаар хариуцлагаа үүрч байна. Тэр  жагсаал цуглаан хийх гээд байгаа хүмүүс өөрсдөө очоод үзэг. Би бол ганцхан зүйл л хэлж байгаа. Хэрэв амжихгүй чадахгүй бол тэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн хөгжлийн санд хандив өргө гэж байгаа. Дорноговь аймгийн ард иргэдийг тоосоор булаад, баялгыг нь ухаад байхад яагаад аймгийн ард иргэд жоохон ч гэсэн ашиг хүртэж болохгүй гэж гэх шаардлагыг тавьсан минь үнэн.

-Таны уул уурхайн бизнес явуулдаг “Болд Төмөр Ерөө гол” ХХК Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг. Тус аймгийн Ерөө сумын засаг дарга М.Ганбаатар гэх хүнийг таны оролцоотойгоор сонгогдсон, танай уурхайн дарга байсан хүн байна. Мөн өмнөх засаг дарга Э.Ариунбат нь АТГ-д шалгуулж байгаа юм байна. Э.Ариунбат нь гомдолдоо “..М.Ганбаатар нь 5 сая төгрөг амлаж,  авлига санал болгосон нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы явуулга байсан..” гэж хэлсэн байна.  Та үнэхээр авлигын үйлдлийг бусдаар хийлгэсэн юм уу?

Би хэнд ч, хэзээ ч, хэдэн төгрөг өгдөггүй юм. Угаасаа бэлэн мөнгөөр харьцдаггүй. Тэртээ тэргүй Дулаанхан буюу Шаамар сум, Жавхлант сум, Ерөө сум зэрэгт нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын санхүүжилт нь бүгд “Баянгол” сангаар дамждаг. Түүнээс Э.Ариунбат нэг ч төгрөг бэлнээр аваагүй. Өмнөх Д.Сэргэлэн, М.Ганбаатар зэрэг засаг даргууд ч мөнгө аваагүй. Тэгээд ч М.Ганбаатар бид хоёрын нам өөр. М.Ганбаатар бол Ардчилсан намын хүн. Тэгэхээр бид ямар учраас хамааралтай байх юм бэ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:  Надад УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарыг эвлэрүүлэх ямар ашиг сонирхол байхгүй. Хүмүүс эндүүрээд байна.

-Танийг УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарыг эвлэрүүлэх ажлыг хийгээд явна гэх юм.

Бас л нэг цуу яриа. Нэгдүгээрт би хурлын даргатайгаа индэр дээрээс л мэндэлдэг болохоос биш тэр хүнтэй миний мэдэхийн ойрын 14 хоногт тулж уулзсангүй. Бас Л.Оюун-Эрдэнэтэй уулзалдаагүй бараг 21 хонож байна. Надад тэгж тэр хоёрыг эвлэрүүлэх гээд явах хувийн болон намын ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Бид нэг намын улсууд учир хоорондоо учраа олно уу, тэр нээлттэй сонсголоо хийнэ үү надад ямар ч хамаагүй ш дээ. Тэгээд ч тэр улсуудын хооронд яригдаад байгаа 60 тэрбумын асуудлаас өмнө би энэ намд байгаагүй ш дээ. Би мэдэх ч үгүй.  Хүмүүс андуураад байна. Би зүгээр л бизнес хийж байсан хүн. Амьдралдаа нэг л удаа намд элссэн. Курсант байхдаа буюу Цагдаагийн дээд сургуульд онц сурч байхдаа намд элссэн. Тэр үед ганцхан намын тогтолцоотой учир автоматаар 1990 оноос хойш төрийн албан хаагч гээд намаас түдгэлзэж 2016 оны 3 дугаар сард 1985 онд элссэн намынхаа батлахыг л сэргээсэн төдий. Би нам дамжаад, дуртай намынхаа батлахыг өвөртлөөд явдаг хүн  биш ээ.

-Та АТГ-ын дарга Х.Энхжаргалтай нэг ангид суралцаж байсан.

Тиймээ. Бид сургуульд сурч байхдаа казармд 5 жил хамт амьдарч, нэг айлын хүүхдүүд шиг л байсан. Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Энхтөр, ЦЕГ-ын дарга С.Баатаржав бид нар чинь тавагтай хоолоо хуваан идэж нэг казармд амьдарч байсан. Тэр нь энэ гэх зүйл байхгүй ээ.

Б.Дэлгэрсайхан: Надад Д.Жигжиднямааг хаацайлах ямар ч шаардлага байхгүй

-АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг шалгах асуудалд АТГ-ын дарга Х.Энхжаргал оролцож байна гэдэг. Гэтэл таныг эдгээр хүмүүсийн томилгооны тохироог хийсэн нууц санхүүжүүлэгч ч гэгддэг. Та үнэнээр хариулаач?

Мэдэхгүй ээ? Х.Энхжаргалыг Г.Баасан гуай яаж ч шалгах гээд байдаг юм. Х.Энхжаргал бол зүгээр л ажлаа хийж байгаа л хүн юм билээ ш дээ.

-Тэгэхээр та “УБ төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг хаацайлж байгаа юм уу?

Д.Жигжиднямааг би хаацайлах ямар ч шаардлагагүй ш дээ. Түүнийг чинь “Орос Монголын хамтарсан хувьцаат нийгэмлэг” буюу Монголоор бол ТУЗ нь баталдаг болохоос би батлахгүй. Хүмүүс харин андуураад байна.

Б.Дэлгэрсайхан: Би Улаанбаатар төмөр замыг тэжээдэг хүн болохоос биш юм шахдаггүй. Төмөр зам ачаагүй бол ер нь хэн юм. 

-Таныг төмөр замын дотоодын ачаа тээврийн 70 хувьд нь “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн  бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг гэж байсан.  Тиймээс “УБ төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн асуудалд оролцоод байна.  Ашиг сонирхол байна гэж дүгнэж байна л даа.

Миний ажиллаж байсан салбар бол хуулийн салбар. Тэр төмөр зам бол ачаагаа тээвэрлэх, ашиг олох  гол зорилготой. Нэр нь төрийн нэртэй компани болохоос биш бусад хувийн компанитай адилхан ашгийн төлөө л байгууллага ш дээ. Тиймээс тэр Д.Жигжиднямаа нь байна уу, Батаа нь байна уу надад ямар ч хамаагүй ш дээ.  Манай компани мөнгөө төлөөд л үйлчлүүлдэг газар болохоос би төмөр замд нэг ч төгрөгний хадаас шахаж үзээгүй. Би Улаанбаатар төмөр замыг тэжээдэг хүн болохоос биш юм шахдаггүй. Тэгээд ч тэр нийт ачаа эргэлтийн 70 хувийг би эргэлдүүлдэг гэдэг чинь худлаа зүйл. 20 хувь л байгаа байх. Ер нь бол энэ олон жилүүдэд бид хямралыг ч давлаа, 10-аад жилийн хугацаанд төмөр замд тээвэргүй ядарч байсан ч үе  бий. Тээвэртэй ачаа авч чадахгүй байсан үе ч бий. Энэ хооронд манай компани төмөр замын байгууллагад харин ч тодорхой хэмжээгээр тусалж дэмжиж байсан юм шүү. Тэр битгий хэл манай компани төмөр замыг өртэй байх үед хүүгүйгээр 10 сая ам.доллар зээлүүлж байсан. Өрөнд орчихоод үйл ажиллагаа явуулж чадахгүй л байсан. Юмыг мартаж болохгүй ш дээ. Хоёрдугаарт өнгөрсөн онд төмөр зам “... Оросоос 1000 вагон худалдаж авах гээд мөнгөгүй чадахгүй байна.  Бүх авах гэж байгаа вагоныг нь хувийн компаниуд аваад дуусах гээд байна...”  гэхээр нь манай компани 4 сая ам.доллар зээлүүлж “УБ төмөр зам” ХНН вагонтой болсон. Би ямар нэгэн хүү аваагүй. Тэглээ гээд төмөр замаас ямар нэгэн хөнгөлөлт эдэлж бараа таваарын шахалт хийгээгүй. Тиймээс надад хэн дарга байх нь сонин биш. Төмөр зам ачаагүй бол ер нь хэн юм.  Ачаатай, ажилтай болгосных нь төлөө намайг холбох ямар ч шаардлагагүй л байхгүй юу.  Энэ бүгд ер нь таамаг, хардалт төдий зүйл. Яахав тэр шалгадаг газар нь шалгах юм байгаа биз. Хэнийгээ шалгах нь надад хамаагүй.

-Төрийн мөнгөөр барьсан төмөр замыг та ашигладаг юм биш үү?

Монгол Улсын төмөр зам чинь бүхий л компаниудад үйлчлэх үүрэгтэй юм байгаа биз дээ.  Би өөрийнхөө мөнгөөр УБ төмөр замд нийлж байгаа 112 км замыг барьсан. Уучлаарай. Манай компаниас хойш төмөртэй буюу Дарханы төмөрлөгийн үйлдвэр 28 км зам барьсан. Тэр компани улсаас концессийн гэрээгээр барьсан гээд 240 тэрбум төгрөг авсан юм байна лээ. Үүнийг хүмүүс андуурч ойлгоод байдаг. Би бол 112 км зам барих, 3000 вагон, 12 толгой оруулж ирэхдээ улсаас нэг төгрөг ч аваагүй. Харин улсад татвараа төлсөн.

Б.Дэлгэрсайхан: Засгийн газар надаас вагон гуйдаг

-Хөөх та чинь УБ төмөр замаас ч олон вагонтой юм байна ш дээ.

Тиймээ.  Сошиалаар бичээтэй л байгааш дээ. Тэгээд ч “УБ төмөр зам” ХНН өөртөө нурмаг ачаа тээвэрлэх вагон байхгүй хүнд үед ялангуяа 10 сараас цахилгаан станцуудын халаалт эхлэх үед нүүрсээ тээвэрлэж чаддаггүй. Тэр үедээ манай 1000 вагоныг түр авч хэрэглэдэг. Засгийн газар “..вагоноо өг..” гээд авдаг ш дээ. Тэгэхээр хэн нь хэндээ тус болж байна харж байгаа биз дээ. Тэглээ гээд Б.Дэлгэрсайханд нэг ч төгрөгний ашиг байхгүй ш дээ.

Б.Дэлгэрсайхан гэж хүн УИХ-ын гишүүн болоод Х.Энхжаргалыг томилсон юм биш.

-АТГ-ын дарга Х.Энхжаргалын томилгоонд та найзын хувьд нөлөөлсөн үү

Нэгдүгээрт намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө хуучин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшүүлж өмнөх УИХ-аас оруулж, хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж байсан юм билээ. Түүнээс биш Б.Дэлгэрсайхан гэж хүн УИХ-ын гишүүн болоод Х.Энхжаргалыг томилсон юм биш.

-Гэхдээ Монголдоо бэл бэнчинтэй хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог таны хувьд улс төр дэх оролцоо багагүй байх.

За яахав дээ. Миний хувьд 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвштлээ 26 жил бизнес хийхдээ төрөөс нэг ч тендер, дэмжлэг аваагүй. Төртэй нийлсэн бизнес амьдралдаа хийж үзээгүй өнөөдрийг хүрсэн. Та нар шалгасан ч болно.  Би бол хэлэх зүйл, хийсэн юмтай хэний ч өмнө бардам. Надад бол тэгж улсаас аваад идчихсэн татвараа хөнгөлүүлсэн, бондуудаас мөнгө төгрөг авсан нэг ширхэг ч асуудал байхгүй.

-Та Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудаас хувь, хувьцаа эзэмшдэг үү?

Би Дорноговь аймагт, өөрийнхөө сонгогдсон тойрогтоо бизнес хийдэггүй.

-“Болд Төмөр Ерөө гол” ХХК чинь хэр хэмжээний нөөцтэй орд вэ? Та бас өөрийн аймагтаа махны бизнес эрхэлдэг байсан

Би чинь ОХУ-руу мах экспортолдог байсан ш дээ. 1999 оноос хойш би тухайн үед 3 сая ам.доллараар МУ-д Германы технологиор Сайншанд, Багануур, Сэлэнгэд 3 том махны үйлдвэр барьсан. Түүнээс Сэлэнгэд анх удаа очоод төмөр ухсан ч юм биш. 2000 оны эхээс хойш 17 жилийн хугацаанд би монголын махны нийт экспортын 60 хувийг эзэлж байна. Хүмүүс олж хардаггүй юм. Хүмүүс намайг хулгай хийгээд мөнгө олсон гэдэг. Гэтэл би хоёр гараа цэврүүттэл ажил хийсэн хүн. Зарим цэвэрхэн гартай хүмүүс дандаа худлаа ярьдаг.  Гэтэл гар нь цэвэрхэн хүмүүс яахаараа надтай адилхан сайхан амьдраад байгаан чи асууж үзсэн үү.

-Та Дорноговь аймагт 7 дугаар сарын 1-нд болох Ураны эсрэг үйл ажиллагааг зогсоох гэж өөрийн найздаа мөнгө өгч таслан зогсоосон тухай “Босоо хөх монгол” ТББ-ынхан мэдэгдэж байсан. Тэд Дорноговь аймагт таны найз Б.Хөхөөгийн тусламжтайгаар цуглаан хийх гэж байсан юм билээ. 

Тэр босоо нь байна уу хэвтээ нь байна уу надад ямар ч хамаагүй.  Аан харин Б.Хөхөөгийн хувьд бол угаасаа тийм тэмцэгч хүн. Би удам судраар нь мэднэ.

-Гэхдээ төлөвлөсөн жагсаал зогсоочихлоо л доо. Б.Хөхөө нь таны сонгуульд явж байсан юм биш үү

Заа чи...их хурлын сонгуульд Б.Хөхөө миний төлөө яваад би гарчихсан юм биш.

-Б.Хөхөө нь таньд 2 давхар хаус хүртэл бэлэглэж байсан гэсэн дээ.

Би Б.Хөхөөгөөс байшин бэлгэнд авахаар дайны хүн биш ш дээ. Ер нь Б.Хөхөө надаас авна уу гэхээс Б.Хөхөөгөөс би авахгүй ш дээ.

-Улс төрч, бизнесмэн хоёрын хувьд хэр их ялгаа байна?

Ер нь улс төр нь ч бай бизнес нь ч бай энэ улсыг хөгжүүлэхийн төлөө л явдаг гэж би ойлгож байгаа ш дээ.

-Таныхаар  бизнест улс төр хэрэгтэй юу?

Уг нь улс төр нь бизнес рүүгээ өнгөлздөггүй бол, бие биенээ дээрэмддэггүй бол улс төр лүү орох ямар ч шаардлагагүй ш дээ.

Б.Дэлгэрсайхан: Надаас ухаан муутай улсууд намайг дээрэмдэхлээр хэний ч уур хөдөлнө биз дээ.

-Гэтэл та бизнесмэн байж улс төрд ороод ирсэн ш дээ.

Намайг хэн яаж улс төрд оруулсныг чи мэдэх үү?

-Хэн оруулсан гэж?

Энэ улс төрчид чинь дээрэмдээд зүгээр суулгахгүй байна ш дээ. 2013 онд миний бизнесийг дээрэмдэх гэж энэ Ардчилсан намын улс төрчид чинь намайг 60 хоног ганц худагт хорьсон ш дээ. Зүгээр байгаа хүнийг шууд л хорьдог. Би эд нараас тэнэг юм уу? Надаас ухаан муутай улсууд намайг дээрэмдэхлээр хэний ч уур хөдөлнө биз дээ. Би энэ ухаан муутай хүмүүсийг тэжээх гэж бизнес хийж байгаа юм уу. Тиймээс энэ улс төрийг арай өөр болгоё гэсэн зорилготой их хуралд орж ирсэн минь үнэн. Би бизнест хийх юмаа хийсэн. Одоо энэ улс төрд бизнесмэнүүдийг дээрэмддэг, ямар нэгэн лиценз, зөвшөөрөл олгохдоо мөнгө авдаг дээрмийг л таслан зогсоохоор орж ирсэн.

-Таныг харахад одоо хэн мөнгө аваад байна?

Одоохондоо ил мэдэгдэхгүй л дээ. Тэгэхдээ Авлигатай тэмцэх газар нь ажлаа хийх байлгүй дээ.  Би найзыгаа “..ажлаа сайн л хий..” гэж байгаа. Харин манай Х.Энхжаргал бол угаасаа шударга, шуналгүй, хөрөнгөгүй хүн. Би хаана ч хэлнэ найзыгаа. Г.Баасан авгай андуураад байгаа юм. Түүнээс өмнө нь ажиллаж байсан дарга нар өчнөөн олон аавын хүүгийн бизнесийг дээрэмдээд ямар их баян болсныг энэ сэтгүүлчид яагаад бичдэггүй юм.

-Та тэрхүү дээрэмчдийг нэрлээч ?

Яах юм, сэтгүүлчид та нар л олж, бич л дээ. Намайг олоод ирж чадаж байгаа юм чинь тэр ил байгаа дээрэмчдийг та нар олоод авах байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

tug.mn Сэтгүүлч Б.Ариунтуул

ШИНЭ МЭДЭЭ