МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ДЭМБ, Монгол Улстай хамтран "Дэлхийн хепатитын өдөр"-ийг тэмдэглэж байна
2018.07.27
Гадаад харилцаа

ДЭМБ, Монгол Улстай хамтран "Дэлхийн хепатитын өдөр"-ийг тэмдэглэж байна

Жил бүрийн долдугаар сарын 28-нд тохиодог “Дэлхийн хепатитын өдөр”-ийг энэ жил “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулж байна.

ДЭМБ-аас  2018 оны энэ өдрийг вируст хепатитын халдварын тархалт өндөртэй орнуудын нэг хэдий ч уг өвчний эсрэг тэмцлээрээ үлгэр жишээ орны тоонд орж буй Монгол Улсын Засгийн газартай хамтран тэмдэглэж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ-аас хамтран “Централ таур”-т хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дахинд 325 сая хүн вируст хепатитын архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Хепатитын В, С вирусын халдварыг эрт илрүүлж, эмчлэх, элэгний хавдрыг эрт оношлох нь олон хүний амь насыг аварна хэмээн эмч мэргэжилтнүүд хэлж байна.
2016 оны эцсийн байдлаар дэлхий дахинд В,С вируст хепатитын архаг халдвартай нийт хүн амын 20 хүрэхгүй хувь нь оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжтой болжээ.

Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Монгол Улсын 3 сая иргэний 10 гаруй хувь нь вируст хепатитын архаг халдвартайд тооцогддог. 2017 онд эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр нь 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын дунд вируст хепатитын халдварын тархалтыг хязгаарлан, С вируст хепатитын халдварын шинэ тхоиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вируст хепатитын үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах өндөр зорилт тавин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдэд чиглэсэн эхний жилийн ажлын үр дүнд 350 мянга гаруй хүнийг вируст хепатитын шинжилгээнд хамруулаад байна. Үүнээс халдвартай илэрсэн иргэдийн 70 гаруй хувийг эмчилгээнд хамрууллаа” гэдгийг онцлов.

ШИНЭ МЭДЭЭ