МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна
2018.08.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан. Энэ талаар  ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар мэдээлэл хийлээ.

ХНХ-ын сайд С.Чинзориг "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулийн дагуу хоёр жилд тутамд 1-ээс доошгүй удаа шинэчлэх ёстой. Энэ дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 1904, өдрийн 15200, сарын 320.000 төгрөг болгож шинэчлэн баталлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө" гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэхээр боллоо. Таван сарын өмнөх энэ мэдээлэл үнийн хөөрөгдөл үүсгэх юм биш биз дээ. Хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Олон нийтэд яаралтай мэдээлэл өгөх үүрэгтэй гэж бодсон. Нөгөө талаасаа 2019 оны төсвийн төсөл боловсруулах ажил ид үргэлжилж байна. Тиймээс энэ төслийг боловсруулахаас өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх шаардлагатай.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх үү?

-Энэ бол жичдээ өөр асуудал. Төрийн албан хаагчдын цалингийн доод хэмжээ 380.000 төгрөг байгаа. ОУВС-тай хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх асуудлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан хэлэлцэнэ.

-Багш нарын цалингаа нэмэгдүүлэхээр шаардаад байгаа. Хэрэв нэмэхгүй бол есдүгээр сарын 3-нд ажил хаяна гэсэн. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Багш нарын түр хороо цалин нэмэхгүй бол ажил хаяна гэсэн мэдээлэл байна. Гэхдээ манай яаманд, надад албан ёсоор мэдэгдсэн юм алга. Ер нь Монгол Улс өөрийн хууль, тогтоомжтой. Хэн дуртай нь ажил хаяна гэж нийгмийг донсолгоод айдаст автуулж, дарамталж байгаа юм шиг байдал үүсэхгүй байхыг хүсч, уриалж байна. Ажил хаяна гэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдсан харилцаа. Түр хороо гэж байгууллага гэв гэнэт гарч ирээд, улсын хэмжээнд ажил хаялт зохион байгуулчихдаг тийм эрх зүйн үндэс байхгүй. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар Засгийн газартай хэлэлцээрт орж байгаа байгууллага ажил хаях эсэх асуудлыг ярих эрхтэй. Ер нь хэн дуртай нь ажил хаяна гэж ярьж байдаг нь буруу. Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байгааг санах хэрэгтэй. Тэгэхээр ажил хаях асуудал байхгүй байх.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хэчнээн иргэн байдаг юм бэ. Судалгаа тоо баримт байна уу?

-Улсын хэмжээнд ажиллаж байгаа иргэдийн найман хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгаа байна. Тэгэхээр нийт ажиллагсдын найман хувь гэхээр 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна.

-ОУВС-тай тохирсон уу?

-Өнгөрсөн хоёрдугаар сард ОУВС-гийнхан манай улсад ирж ажилласан. Энэ үеэр бид төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй нэмэх шаардлага байна гэсэн асуудлыг хөндсөн. 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалин огт нэмээгүй. Тиймээс зайлшгүй нэмэх шаардлага байна гэсний үндсэн дээр энэ оны дөрөвдүгээр улиралд төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болоод байна. Өнөөдөр үргэлжлүүлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх асуудлаар хуралдана. Нэгдсэн ойлголтод хүрч чадвал төрийн албан хаагчдын цалин нэмэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Б.БУРМАА

ШИНЭ МЭДЭЭ