Цаазаар авах ялын гүйцэтгэл дэлхий даяар 39 ХУВИАР БУУРЧЭЭ
2018.04.12
Хүний эрх

Цаазаар авах ялын гүйцэтгэл дэлхий даяар 39 ХУВИАР БУУРЧЭЭ

2017 онд Гвиней, Монгол улс цаазаар авах ялыг бүх гэмт хэрэгт халснаар цаазаар авах ялыг бүрэн халсан улс орны тоо 106 хүрлээ. Гватемал улс цаазаар авах ялыг ердийн гэмт хэрэгт халснаар энэ ялыг хуульдаа болон практикт халсан дэлхийн 142 дахь орон боллоо.

Цаазаар авах ялыг тууштай дэмжиж байсан орнуудын хувьд ч энэ ялын хэрэглээг багасгасан чиг хандлага ажиглагджээ. Тухайлбал, Иран улсад цаазаар авах ялын гүйцэтгэл 11 хувиар буурснаас мансууруулах бодистой холбоотой цаазаар авах ялын гүйцэтгэл нь 40 хувь хүртэл буурчээ. Малайз улс мансууруулах бодисын эсрэг хуульдаа ийм төрлийн гэмт хэрэгт ялыг сонголттой оногдуулах нэмэлт өөрчлөлтийг оруулжээ. Эдгээр өөрчлөлт нь энэ хоёр улсад ирээдүйд цаазаар авах ялын хэрэглээг багасгахаар байна. 

Хэдийгээр ахиц дэвшил, ололтууд байгаа боловч 2017 онд цаазаар авах ялын хэрэглээнд сэтгэл түгшээсэн хандлага ажиглагдлаа. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт олон улсын эрх зүйг зөрчин 15 улс цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэсэн байна. Ойрх Дорнод ба Хойд Африк 2017 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр цаазаар авах ял гүйцэтгэсэн тоон үзүүлэлтээрээ тэргүүлсэн бол Ази Номхон далайн бүсийн ихэнх улс орнууд цаазаар авах ялыг энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэсээр байна.  Хятад, Иран, Саудын Араб, Сингапур гэсэн дөрвөн улс мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр цаазаар авах ял гүйцэтгэсэн байна. Саудын Арабт ч мөн адил чиг хандлага ажиглагдаж, ийм төрлийн гэмт хэргээр оногдуулсан цаазаар авах ялыг дүүжилж гүйцэтгэсэн нь нийт гүйцэтгэлийн 16 хувийг эзэлж байсан бол 2017 онд 40 хувь болж өссөн байна.

Иран улсад насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэргээр хамгийн багадаа таван хүн цаазлуулсан бөгөөд насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэргээр цаазаар авах ял сонссон 80 хүн байна. Япон, АНУ, Сингапур, Мальдив, Пакистан улсад сэтгэцийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүнийг цаазалж, мөн ийм хүмүүс цаазаар авахуулах ялтай үлдсэн байна. Бахрейн, Хятад, Иран, Ирак, Саудын Араб улсад эрүүдэн шүүж, зүй бус харьцаж авсан “хэргээ хүлээсэн” гэх мэдүүлэгт үндэслэн цаазаар авах ял оногдуулжээ.  Цаазаар авах ял гүйцэтгэсэн улс орны тоо өмнөх онтой адил байгаа ч Бахрейн, Йордан, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират улс хэсэг хугацаанд завсарласны эцэст цаазаар авах ялын гүйцэтгэлийг эхлүүлжээ. Египетэд цаазаар авах ялын гүйцэтгэл 2016 оныхоос 70 хувиар өсчээ.

 “Хамгийн багадаа 21919 хүн дэлхий даяар цаазаар авахуулах ялтай байна. 2017 он хэдийгээр нааштай алхам ихтэй ч, хүн төрөлхтний дэвшилтэд чиг хандлагаас ухарсан болон ухрах гэж байгаа зарим орнуудад цаазаар авах ялын эсрэг кампанит ажил өрнүүлэх нь чухал байна.  Төрийн нэрийн өмнөөс үйлдэж буй аймшигт аллагыг зогсоохын төлөө бид хамтдаа дуу хоолойгоо өргөх хэрэгтэй. Цаазаар авах ял нь хүчирхийллийн соёлын илэрсэн шинж тэмдэг болохоос түүнийг арилгах шийдэл биш” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти өгүүллээ.

Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг олон улсын хүний эрхийн байгууллага юм.

Т.Жанерке

ШИНЭ МЭДЭЭ