МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Халдварт өвчин, уламжлалт анагаахын чиглэлээр БНХАУ-д 40 эмч суралцаад ирлээ
2018.09.18
Гадаад харилцаа

Халдварт өвчин, уламжлалт анагаахын чиглэлээр БНХАУ-д 40 эмч суралцаад ирлээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНХАУ-ын Худалдааны яамны сургалт хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр БНХАУ-ын Засгийн газрын туслалцааны хүрээнд зохион байгуулдаг сургалтад жил бүр эмч мэргэжилтнүүд хамарч буйг онцлов. Эдгээр сургалт нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, туршлага солилцох зэрэгт ихээхэн үр дүнтэй байдаг аж. Мөн сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэлээр явуулах хүсэлт гаргасан байна. Энэ дагуу зарим сургалт монгол хэлээр зохион байгуулагдсан нь зохих үр дүнгээ өгч байгааг сайд хэллээ.

2015 онд эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр 3 их эмч, 2017 онд эх хүүхдийн эрүүл мэнд, мэдрэлийн өвчин, зүрх судасны эмгэг болон сувилахуйн чиглэлээр 4 удаагийн сургалтад нийт 26 эмч, мэргэжилтэн хамрагдсан байна. Харин 2018 оны 4 дүгээр сард халдварт өвчин, элэг цөсний эмгэгийн чиглэлийн сургалтад 25 эмч, 5 дугаар сард уламжлалт анагаах ухаан, эмчилгээний чиглэлээр 5 эмч, долдугаар сард эх, хүүхдийн эрүүл мэндийн сургалтад 10 эмч тус тус хамрагдаад байгаа аж.

Одоогоор “Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, хилийн хорио цээрийн эрүүл мэндийн хяналт” сургалтад таван эмч суралцаж байгаа бөгөөд тус сургалт нь энэ сарын 30-нийг хүртэл үргэлжлэх юм.

БНХАУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулдаг сургалтууд нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг Эрүүл мэндийн сайд уулзалтын үед онцлов.

ШИНЭ МЭДЭЭ