“Ногоон паспорт” аян орон даяар нээлтээ хийлээ
2018.09.17
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

“Ногоон паспорт” аян орон даяар нээлтээ хийлээ

"Үе тэнгийнхэн маань байгаль орчноо хайрлана гэж хэлдэг үгээ үйлдлээрээ ч гэсэн харуулж байгаасай гэж боддог хэмээн Дорноговь аймгийн Сайншанд сумын наймдугаар ангийн сурагч М.Мөнх-Ундрах хэллээ. Тэр бол Сайншанд сум, Хамрын хийдэд болсон “Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны нээлтэд оролцсон 300 гаруй хүүхдийн нэг. Тус аянд оролцоод сурч, мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахдаа “Түмпэнд ус хийж аягаа угаадаг байх, тарьсан модоо усалж байх, хог, шүлсээ ил задгай хаяхгүй байх зэрэг өдөр бүр хийдэг ажлууд маань жижиг гэлтгүй байгаль орчноо хамгаалах үйлсэд ямар их хувь нэмэр оруулдгийг өнөөдөр маш сайн ойлголоо” гэсэн юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт-Монгол орон даяар” аян нээлтээ дотоодын аяллын төв цэг, шашны жуулчлалын гол маршрут болсон Дорноговь аймгийн Сайншанд сум, хамрын хийдэд зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээнд Улаанбаатар хот, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сургуулиудын “Эко клуб”-ийн нийт 300 гаруй хүүхэд оролцов. Монгол улсын ирээдүйн эзэд болсон тэд хамтдаа эх дэлхий, байгальтайгаа зөв харьцах талаар өртөөчилсөн сургалтад сууж, хамрын хийдтэй танилцах аялалд оролцов. Мэдээж тэдний гол зорилго нь мод тарих. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Бид говьд хамгийн сайн ургадаг гурван төрлийн нийт 400 орчим модыг энд суулгаж байна. Мод тарих нэг хэрэг. Харин усалгаа, арчилгаа маш чухал. Энэ ажлыг хамрын хийдийн лам нар хариуцна. Яамны зүгээс мод тарьсан талбайг хашаажуулах, усалгааны систем хийх, сандал сүүдрэвч тавих зэрэг ажлыг хийлээ. Хамрын хийдийг зорьж ирсэн аялагч, жуулчид энэ цэцэрлэгт хүрээлэнд саатдаг, тэгэхдээ нэг мод тариад буян үйлдээд буцдаг байх боломжийг олгох зорилготой” гэсэн юм.

Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв харьцах тухай л ярьж ирсэн болохоос бус эх байгальтайгаа зөв харьцах талаар төдий л хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн доройтол. 1992 онд Монгол Улсын нийт газар нутгийн 11 орчим хувь нь ойн сан байсан бол өдгөө долоон хувь болтлоо буурчээ. Тэгэхдээ Монгол орны ойн хангай болон төвийн хэсэг нь мөнх цэвдэг дээр байдаг бол говийн бүсийнх нь усны судалбар даган ургадаг аж. Говийн ааш, авир үзээгүй хүндээ бэрх. Хэдийгээр энэ жил хур бороо элбэгтэй, өвсний гарц орон даяар сайн байсан ч говь нутагт армаг тармаг харагдана. Говь нутагт мод тарьж, цөлжилттэй тэмцэхийн шалтгааныг ийнхүү нүдээр үзэж, биеэр мэдэрсэн сурагчидтай хамт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан нар ч мод тарих үйлсэд нэгдсэн юм.

Мод тарих сайн ажил боловч модоо арчлах нь чухал. Монголчууд сүүлийн жилүүдэд мод тарих аяныг идэвхтэй зохион байгуулж байгаа ч ургуулсан нь хэд билээ гэдэг асуултад бүрэн дүүрэн хариулж чаддаггүй. Арчилгаа, усалгаагүйгээс бяцхан моддын олонх нь үхэр, ямаа, хүүхэд, нохойн хөлд үрэгддэг байсныг одоо бодоход харамсам. Харин салбарын яамныхан үүнийг тооцож, төлөвлөсөн нь сайшаалтай. 109.5 мянган ам километр нутагтай энэ аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг. Эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг. гадаргын усны нөөц бараг үгүй ийм нутагт модны арчилгаа гэдэг “инкубаторт байгаа хүүхдийнхтэй ойролцоо” байхаар төсөөлөгдөнө. Тиймээс усалгааны иж бүрэн систем, мал амьтны хөл, машин тэрэгний цуваанаас хамгаалсан төмөр хашаа зэргийг шийдсэн нь өсвөрийн экологичдын тарьсан суулгац өндөр ойн шугуй болох итгэлийг төрүүлж байлаа.

Дорноговь аймгийн Сайншанд сум, Хамрын хийдэд нээлтээ хийсэн “Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас дараах тодруулгыг авлаа. 

-Ногоон паспорт аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай яам өнгөрсөн жилээс эхлэн “Ногоон паспорт” аяныг орон даяар зарласан. Дэлхий даяар шинэ эринд зохицож амьдрах, шинэ эриний иргэдийг бэлдэх зорилготой тогтвортой хөгжлийн зорилтуудад монгол улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор санаачилсан аян. Энэ бол дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан акц. Өнгөрсөн гуравдугаар сард “Найрамдал” зусланд Улаанбаатар хотын сургуулиудын “Эко клуб”-ийн сурагчдаар батлуулаад “Ногоон паспорт” аянаа улаанбаатар хотын хэмжээнд эхлүүлсэн. Мөн нийслэлийн сургуулийн сурагчдын дунд аюултай хог хаягдал, тэр дундаа хэрэглэж дууссан батарейг хэрхэн ангилж хаях, ус, эрчим хүчээ яаж хэмнэх талаар уралдаан зарласан. Дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, байгалийн шавхагддаг нөөцийг урт удаан хугацаанд тогтвортой ашиглах санал, санаачилгыг Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхдүүдэд төлөвшүүлэх зорилготой. Бидний хувьд энэ жилийн улсын наадмаар “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Тиймдээ ч наадмын үеэр иргэдийн тарьсан хог хаягдал өмнөх жилүүдийнхээс нэлээд буурсан. Мөн амарч, аялж, зугаалж байгаа иргэд маань тусгай цэг дээр хогоо хаяж дадаж байна. Харин өнөөдрийн энэ арга хэмжээг хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Монгол орон даяар дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд эхлүүлж буй юм.

-Яагаад аяныхаа нээлтийг Дорноговь аймаг дахь Хамрын хийдийг сонгож хийв?

-80 гаруй жилийн өмнө энэ газар ой шугуй байсан гэж нутгийн өвгөд ярьдаг юм билээ. Тиймээс энергийн төв хэмээгддэг хамрын хийдийн ойр орчмыг ойжуулахаар эхлүүлсэн хэрэг. Үүнд Дорноговь, Говьсүмбэр, Улаанбаатар хотоос сурагчдын төлөөлөл ирж “Ногоон паспорт”аа хэрхэн үр дүнтэй хөтлөх, байгаль орчноо хамгаалах, мод тарих, хог хаягдлаа ангилан ялгах талаар бүтэн өдрийн өртөөчилсөн сургалтад суулаа. Хамрын хийд бол монгол орны дотоодын аялал жуулчлалын гол цэг. Жилийн дөрвөн улиралд жуулчин ирдэг маршруттай. Тиймээс энд мод тарьж, цэцэрлэгжүүлэлт хийснээр говийн бүсэд усжуулалтын систем бүхий ой, амарч тухлах орчин зэргийг бий болгож байна. Ийм төслийг манай яам орон нутгийн удирдлагуудтай хамтран аймаг бүрт хэрэгжүүлэх зорилт тавиад байна. 

ШИНЭ МЭДЭЭ