МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүлээлт үүсгэсэн ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ дэмжих хууль
2018.10.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хүлээлт үүсгэсэн ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ дэмжих хууль

Улс орны баялаг бүтээгч, ажил олгогч, ядуурлыг бууруулагчид нь жижиг, дунд бизнес эрхлэгчид гэхэд хилсдэхгүй. Энэ нь манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 78585 аж ахуйн нэгжийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч, 800 мянга гаруй хүн ажилладаг гэсэн баримтаас мэдэгдэнэ. Харин сүүлийн жилүүдэд энэ салбарыг хөгжүүлэх асуудал төрийн бодлогын анхааралд орсон ч төдийлөн бодитоор хэрэгжихгүй байна.

Үүнийг мэргэжлийнхэн эдийн засаг болоод зах зээлийн хөгжилтэйгөө уялдсан хууль, эрх зүйн зохицуулалт дутмаг байгаатай холбон тайлбарладаг. Тэгвэл тус салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэхээр Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын гишүүд санаачлан боловсруулсан юм. Уг хуулийн төслийн талаар энэ удаагийн “Хууль, эрх зүй” буландаа онцолъё.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн бөгөөд намрын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын нэг юм.

Учир нь, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг бодитоор дэмжих олон чухал зохицуулалт оруулсан нь салбарынханд хүлээлт бий болгоод байгаа. Уг нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлсэн ч төдийлөн эзэддээ хүрдэггүй нь одоогийн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад нөлөөлжээ.

Тиймээс улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн тул уг хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагчид онцолсон.

Ингэхдээ одоо хэрэгжиж буй хуулийн тунхаглалын шинжтэй заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчилж, ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засагт тулгуурлах зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр нэг хувь болгох, аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байх зохицуулалт оруулсан нь бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болох юм.

Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ.

Үүнээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нэг бүлэгт хамруулан ажилтан нь нэг, 200 байсан ч ижил шалгуур тавьдгийг энэ хуулийн төслөөр өөрчилж байгаа аж.

Тодруулбал, бичил, жижиг, дунд эрхлэгч гэж дотор нь гурав ангилан зээл авах зэрэгт өөр өөр шалгуур тавих гэнэ. Бичил бизнес эрхлэгчид ес хүртэлх ажилтантай, жилийн орлого нь 50 сая төгрөг хүртэлх бол, жижиг үйлдвэрлэл эрхлэгчид ажилтны тоо нь 9-50 ажилтантай, 250 сая төгрөгийн орлоготой нь хамаарах юм байна. Харин дунд бизнес эрхлэгчид 200 хүртэлх ажилтантай, жилдээ 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгж хамаарах аж.

Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих чухал зохицуулалт нь салбар хариуцсан төрийн байгууллагын бүтэц буюу агентлаг бий болгох юм.

Өмнө нь Жижиг, дунд үйлдвэрийн газрыг 2012 онд татан буулгаснаар хөдөлмөр эрхлэгчдийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг тус салбарынхныг хөгжүүлэх асуудал хязгаарлагдмал болоод буй. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих, санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаагаар хамтран бүсчлэн хөгжих, зөвлөгөө, мэдээллээр хангах, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлэх зэрэг олон чухал бодлого, хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангаж, бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжийг ихээр хязгаарлаж байгааг бизнес эрхлэгчид болоод мэргэжлийнхэн онцолдог.

Улмаар салбарын тусгай сангууд нь өөр өөр чиг үүргийн яамдад харьяалагдаж буй одоогийн бүтэц нь нэгдсэн нэг бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэйгээс гадна сангийн хөрөнгө зорилтот бүлэгт хүрч буй эсэхийг хянах боломж хязгаарлагдмал байдаг аж. Тиймээс бүтцийг нэгтгэн тэнд ажиллаж байгаа албан хаагчдын цалингийн сан дээр үндэслэн улсын төсөвт бага ачаалал үүсгэх байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулахыг хуулийн төсөлд тусгаад байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ