МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2018.10.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар    Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Ажлын хэсэг 4 удаа хуралдсан бөгөөд төсөл санаачлагч болон МҮХАҮТанхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зэрэг ТББ, МҮОНТ-тэй хамтран өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг 4 удаа хийсэн байна. Энэ хүрээнд төслийн талаарх мэдээллийг холбогдох талуудад хүргэхийн зэрэгцээ санаа бодлыг нь сонссон гэв.

Мөн МҮХАҮТанхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын хараагүй иргэдийн холбооноос төсөлтэй холбоотой саналууд ирүүлснийг судалж, төсөлд холбогдох өөрчлөлтийг тусгажээ. Мөн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн гаргасан санал, Ажлын хэсгийн гишүүдийн гаргасан санал зэргийг хэлэлцэж, санал хураан шийдвэрлэжээ.

ЖДҮ эрхлэгчийг бүртгэлээс хасах, ЖДҮХСангаас зээл, зээлийн татаас олгоход баримтлах хязгаарлалт, ЖДҮ-ийн асуудал хариуцсан агентлагийг сонгуулийн циклээс үл шалтгаалан тогтвортой ажиллуулахтай холбогдсон зохицуулалт бүхий зарчмын 20, найруулгын 2, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаарх 17 саналын томьёоллыг бэлтгэсэн гэв. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, зарим зүйлийг тодруулж ажлын хэсгээс хариулт авлаа.

ЖДҮ-ийг бүсчлэн хөгжүүлэх чиглэлээр төсөл дээр холбогдох зохицуулалтыг тусгасан бөгөөд тухайн орон нутгийн ИТХ жилийнхээ төсөв дээр тусгаад, үүнийг нь Засаг дарга зарцуулах, холбогдох хяналтын талаар тусгажээ.

Үүний зэрэгцээ Засаг дарга ЖДҮ-ийг хөгжүүлэхтэй холбоотой саналаа дээд шатны байгууллагад хүргүүлэх, үүнийг Засгийн газар хүлээн авч, нэгтгээд нэгдсэн бодлогоо тодорхойлон, тэр хүрээндээ төсвийн болон бодлогын дэмжлэгийг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан гэв.  

ЖДҮХСангийн зээлийн 26 хувийг шууд олгосон бол 74 хувийг арилжааны банкаар дамжуулсан байна. Зээлийн эргэн төлөлт 92.5 хувьтай байгааг Ажлын хэсгээс танилцууллаа. Хуулийн төсөлд бичил, жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч буюу 500 сая төгрөгөөс доош жилийн борлуулалтын орлогтой аж ахуйн нэгжид олгох зээлийг сангаас шууд олгох бол дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид олгох зээлийг банкаар дамжуулах хувилбарыг тусгажээ.

Үүний дараа Ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэр бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. 

ШИНЭ МЭДЭЭ